Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээ эхэллээ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд эхэллээ.
Улсын хэлэлцээрийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1999 оноос хойш нийгмийн зөвшлийн талууд Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хоёр жил тутамд байгуулдаг бөгөөд 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Түүнчлэн Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын ажиллагсад, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа зэргээс үүдэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газарт асуудал оруулж нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг хийхээр болж нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг батлуулсан.
Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа нар гишүүнээр оролцож байна. Нэмэлт хэлэлцээ хийхэд Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зэрэг байр суурийг баримтлах юм.
МҮЭ-ийн төлөөллийг тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос оролцох бүрэлдэхүүнийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар тэргүүлж байна.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсч цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь энэ хэлэлцээний гол зорилго хэмээн онцлоод Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т төрийн албан хаагчдын цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцсонтой холбогдуулан цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэл барьж ажиллана гэдгийг танилцуулсан.
Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд 15-20 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд сарын дундаж цалин 758,9 мянган төгрөг байгаа бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966,6 мянган төгрөг байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 28.4.5-д заасан хувь хэмжээнээс 27,3 хувиар бага байгаа гэсэн үг юм байна.
Түүнээс гадна нэмэлт хэлэлцээ эхэлснээр талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 122.2-т “Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно” гэж заасныг биелүүлэх үүрэг хүлээж байгаа аж.