“Ногоон бизнес эрхлэлтийг дэмжих замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureМонгол Улсын Засгийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэлхийн санаачилга (Decent jobs team for youth) хамтран “Монгол Улсад ногоон салбарын бизнесийг дэмжих замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” сэдэвт вебинарыг өнөөдөр зохион байгуулж байна.

Вебинарын зорилго (i) ногоон эдийн засаг болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцан уялдаа холбоо (ii) ногоон салбарын бизнес эрхлэлтийг дэмжсэн бодлого зохицуулалт, олон улсын сайн туршлагууд (iii) цаашид залуучуудыг ногоон салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх замын зураглалыг тодорхойлоход чиглэнэ.

Вебинарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мөн холбогдох харьяа байгууллагуудаас гадна НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, гарааны бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл зэрэг 100 орчим төлөөлөгчид оролцож байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улсаас Женев дахь НҮБ, ДХБ болон бусад олон улсын байгууллагууд хариуцсан Байнгын төлөөлөгч, элчин сайд Л.Пүрэвсүрэн, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын дарга ноён Санхеон Ли, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн санаачлагч Б.Намуун нар уг арга хэмжээг нээж үг хэлэв.

 

Энэхүү вебинарын төгсгөлд манай улсад залуучуудын ногоон ажил эрхлэлт, бизнесийг дэмжих замын зураглалыг гаргах, энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Дээш