Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурриг хүлээн авч уулзав
Тус уулзалтаар Швейцарын Берн хотноо 2021 оны 10 дугаар сард
болох НҮБ-ын Дэлхийн Дата Чуулга уулзалтад сайд А.Ариунзаяаг оролцуулах албан
ёсны урилгыг гардуулав.
Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт дата, статистик
боловсруулах, бодлого, үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар харилцан
санал бодлоо солилцов.
Уулзалтын үеэр сайд А.Ариунзаяа Засгийн газрын зүгээс тус
салбарт хийгдэж буй бодлого, эрхзүйн шинэчлэл, нэн ялангуяа цахимжуулах ажил
эрчимтэй хийгдэж буй талаар танилцуулаад, дата мэдээлэл, статистикийг төрийн
бодлого, үйл ажиллагаанд үр дүнтэйгээр ашиглах ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Мөн энэ үеэр хатагтай Бурри Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл
ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд болон ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн
салбарт хувийн хэвшилтэй хамтран бизнес эрхлэлтийг дэмжихэд хамтран ажиллаж буй
талаар товч танилцууллаа.
Швейцарын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 2019-2021 онд хэрэгжиж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн орон нутаг дахь салбаруудын боловсон хүчинг чадавхжуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн загвар төвийг 21 байршилд байгуулж, гарааны бизнес эрхлэгчдэд буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэх зэрэг томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна.