Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Фридрих Эбэртийн сангаас зохиосон цахим ярилцлагад зочноор уригдав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Фридрих
Эбэртийн Сангаас уламжлал болгон нийгэм, эдийн засаг, цаг үеийн мэдээ,
мэдээллийн хүрээнд зохиодог подкастад зочноор уригдаж оролцов.
Уг ярилцлагаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явц,
нэн ялангуяа цар тахлын нөхцөл байдал, түүний үр нөлөө, Засгийн газрын зүгээс
авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Сайд А.Ариунзаяа энэ үеэр дэлхий нийтийг хамраад байгаа
КОВИД-19 цар тахлын нөлөө, тархалт Монгол Улсын хувьд ямар үр нөлөө үзүүлж
байгаа, вакцинжуулалтын явц, үр дүн, сүүлийн 2 жилийн хугацаанд манай улсын
эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, хүн амын бүлгүүдэд хэрхэн тусч байгаа,
цаашилбал ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гарч буй сөрөг
болон давуу талууд, түүний хор хохирлыг бууруулах урьдчилан сэргийлэх чиглэлээр
авч буй бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй эрх
зүйн болон тогтолцооны шинэчлэлүүд болох нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж,
нийгмийн хамгааллын үйлчилгээнүүдийг цахимжуулж буй бодлого, шилдэг туршлагууд,
түүний мөрөөр авч буй арга хэмжээ болох хүүхдийн мөнгөн тэтгэмж, нийгмийн
даатгалын шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлт, залуучуудыг дэмжих хөтөлбөрүүд,
цалинтай эцэг, эхийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй зэрэг цаг үеийн асуудлаар байр
сууриа илэрхийлэв.
Тус сангаас эрхлэн явуулдаг FES ASIA цуврал подкаст нь
тухайн салбартаа тэргүүлэгч, өндөр албан тушаалтнуудыг урьж, Ази болон Европт
өрнөж буй нийгэм, эдийн засаг, улс төр, цаг үеийн сэдвүүдээр ярилцлага авч,
олон улс, дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.