“ХҮҮХДИЙН СУВИЛАХУЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Хөгжиж буй орнуудын хүүхдийн ба ерөнхий мэргэжлийн эмч, сувилагч, эх баригч нарт зориулж БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотын “Хунань хүүхдийн эмнэлэг”-ээс “Хүүхдийн сувилахуйн технологи” цахим сургалтыг 2021.04.07-04.27 хооронд зохион байгуулж байна.
Англи хэлээр, төлбөргүй явагдах уг сургалтад Филиппин, Пакистан, Монгол, Эритрей, Коста Рика, Египет, Кени 7 орны 45 эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Манай улсаас ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 15 эмч, сувилагч хамрагдаж байна.
ХБХСЗХТ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн нэг болох ХБХХЕГ-ын харьяа байгууллага бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 31-нд нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 7000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Тус төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг хүүхдийн сэргээн засахын чиглэлээр мэргэшүүлэх, богино хугацаанд чадварлаг хүний нөөц бүрдүүлэхэд анхаарч, 8 их эмч сэргээн засахын резидентийн сургалтад суралцаж байна. Хүүхдийн сэргээн засахын эмч ба сувилахуй чиглэлээр 3 эмч, 12 сувилагч амжилттай төгссөн.
Мөн 2019 онд 30 эмч, мэргэжилтнийг Хунань мужийн энэ эмнэлэгт дадлагажуулсан.
БНХАУ-ын Худалдааны яам, Хунань Олон Улсын Бизнесийн Мэргэжлийн коллежтой хамтран хөгжиж буй орнуудад зориулан хөгжлийн ба гадаад харилцааны менежментийн сургалт, семинаруудыг ивээн тэтгэдэг.
Дашрамд дурьдахад Хунань хүүхдийн эмнэлэг нь эмнэлзүй, шинжлэх ухаан, сургалт, судалгааны цогц эмнэлэг юм. 1995 онд анхны I зэрэглэлийн эмнэлгээр үнэлэгдэж, олон улсын ISO 9001/14001 чанар, орчны менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж, 2013-2015 онд “Эмнэлэгт зориулсан JCI магадлан итгэмжлэлийн стандарт”-ыг хэрэгжүүлсэн, хүүхдэд ээлтэй үндэсний эмнэлэг юм.