“Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг” санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй төсвийн дэмжлэгийн бүрэлдэхүүн хэсгийн Зохицуулах зөвлөлийн анхны хурал боллоо
Монгол Улсын Засгийн газраас Европын Холбоотой “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг” санхүүжилтийн хэлэлцээрийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд хэрэгжиж буй төсвийн дэмжлэгийн бүрэлдэхүүн хэсгийн Зохицуулах зөвлөлийн уулзалт цахимаар боллоо. Зохицуулах зөвлөлийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа зэрэг өндөр түвшний албан тушаалтнууд оролцов.
Хурлыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа санхүүжилтийн хэлэлцээр байгуулан буцалтгүй тусламжаар төслийг хэрэгжүүлж байгаа Европын холбооны хамт олонд талархал илэрхийллээ. Хүн амын тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа зорилттой энэхүү төслийн зорилт нягт уялдаж байгааг цохон тэмдэглэсэн. Мөн цаашид мэргэжлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарт шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа тухай дурдлаа. Төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хурлын үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа хэлсэн үгэндээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын хор уршиг нь бид бүхэнд хүндээр тусаж байна. Энэ цаг үед Европын холбоо нь төсвийн дэмжлэгээр дамжуулан Монгол Улсын Засгийн газарт нэмэлт санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлж байгааг онцлов. 2020 оны 10 сард төсвийн дэмжлэгийн эхний шатны санхүүжилт болох 16 сая еврог Монгол Улсын Засгийн газарт шилжүүлээд байгааг дурдлаа. Европын холбоо нь цар тахлын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад Монгол Улсын Засгийн газарт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Зохицуулах хорооны хурлын үеэр төслийн хүрээнд тавигдсан 7 үзүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам болон Европын холбооны суурин төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Дээш