МОНГОЛЫН АХМАДЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран “Монголын ахмадын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг цахимаар зохион байгуулж, аймаг, дүүрэг, сум, хороо, яам агентлаг, зарим аж ахуйн нэгжийн ахмадын байгууллагын нийт 700 гаруй төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих, нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулах зэрэг зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар онцлон тэмдэглэв.
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Монголын ахмадын байгууллагын 2020 оны ажлын үр дүн, цаашдын зорилт”, Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн “Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойн хүрээнд ахмадын байгууллагуудын хийх ажлууд, анхаарах асуудлууд”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд" сэдэвт илтгэл тавьж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж, чиглэлийг өгч санал солилцлоо.
Зөвлөгөөнд төрийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, ахмад настныг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахгүй байх, тэднийг хүчирхийллээс хамгаалах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас үзүүлж байгаа хөнгөлөлт, үйлчилгээ, эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн сувилах үйлчилгээ зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.
Мөн Геронтологийн үндэсний төвийн дарга Р.Хишигжаргал коронавирусын халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгч, Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч О.Наранбаатар Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооноос ахмад настнуудын эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийг сайжруулах талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашдын зорилтыг танилцууллаа.