“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖЛЫН БАЙРАНД АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ, ХАЛДВАРААС АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО
"Ковид-19"
цар тахлын үед ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг удирдах
чадавхыг бий болгох зорилгоор ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
мэндийн төв, Солонгосын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлаг (KOSHA), Олон улсын стандартын академи (ISA)
хамтран “Ковид-19 цар тахлын үед ажлын байранд аюулгүй ажиллах, халдвараас
ажилтны эрүүл мэндийг хамгаалах нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулав.
Цахим сургалтад
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга,
С.Зулпхар, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн агентлагийн дэд ерөнхийлөгч Бьюнг Чүүн Сонг, Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат болон яамдын ХАБЭА-н
салбар хорооны гишүүд, аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүд зэрэг 100 гаруй
хүн оролцлоо.
Сургалтыг нээж
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга
С.Зулпхар “Цар тахлын улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд
амаргүй нөхцөлд байгаа хэдий ч Монгол Улсын засгийн газраас КОВИД-19 цар тахлын
үед эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах, малчин өрх болон эмзэг
бүлгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон ажлуудыг зохион
байгуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж
буй бодлого нь иргэн ажилтны амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл
аюулгүй ажлын байрыг бий болгоход чиглэдэг. Дэлхий нийтийг хамарсан аюулт
өвчин, цар тахал бидэнд эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, иргэн, ажилтны
амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бэрхшээл, шинэ сорилтуудыг бий болгож байна.
Монгол Улсын
хэмжээнд вакцинжуулалтыг эрчимтэй хийж байгаа хэдий ч халдварын тохиолдол өдөр
бүр нэмэгдэж байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар
зөвлөл, ажил олгогч нар хамтран ажлын байранд коронавируст халдвараас урьдчилан
сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг
чанд мөрдөх нь ажилтны эрүүл мэнд болон тэдний гэр бүлийг хамгаалах, цар тахлын
үед ажлын байрыг хадгалж үлдэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Олон улсын
стандартын байгууллагаас боловсруулан гаргасан ISO/PAS 45005-2020 стандартыг
Монгол улсад мөрдүүлэхээр Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 01
дүгээр сарын 07-ны өдрийн С/01 тушаалаар “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй
байдлын менежмент, Ковид-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий
зааварчилгаа” нэршлээр баталсан. Энэхүү стандартыг мөрдөн ажилласнаар Цар
тахлын үед ажлын байрны бэлэн байдлыг хангуулах, хяналтын арга хэмжээг
сайжруулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгч
байна” гэлээ.
Мөн БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагийн дэд ерөнхийлөгч Бьюнг Чүүн Сонг “Ковид-19” цар тахал нь хөдөлмөрийн харилцааны хэв маягийг өөрчилж, ажил олгогч эзэд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй бэрхшээлтэй тулгарч, бизнесээ авч үлдэхийн зэрэгцээ ажилтнуудаа хамгаалахын тулд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ цаг үед ХНХЯ, түүний харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Олон улсын стандартын академи (ISA) –тай хамтран тус сургалтыг зохион байгуулсан нь цаг үеэ оллоо гэж харж байна. Цаашид зөвхөн “Ковид-19” цар тахлын асуудлаар бус ажил хөдөлмөр эрхэлж буй ажилчдын эрүүл мэндийг хамгаалах талд илүү өргөн хүрээнд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Сургалтын үеэр
“Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах
талаар хэрэгжүүлж буй БНСУ-ын сайн туршлагыг судалж, санал солилцов. Мөн Олон
улсын стандартын академиас боловсруулан гаргасан “ISO/PAS 45005:2020:“Ковид-19 цар тахлын үед
аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа”
стандартын талаарх мэдээллийг хүргэлээ. Тухайлбал, “Ковид-19” халдвараас
урьдчилан сэргийлэх төлөвлөлт ба эрсдэлийн үнэлгээ хэрхэн хийх, сэжигтэй буюу
батлагдсан тохиолдол гарахад юуг анхаарах, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, маск,
нүүрний хаалт хэрхэн зөв ашиглах, сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн удирдах,
дархлаажуулалт зэрэг чухал сэдвийн хүрээнд илтгэж, хэлэлцүүллээ.