Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье
Эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшилд гар бие оролцож сэтгэл, оюунаа зориулан үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулан, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш оролцуулах, тэдний эрхийн төлөөх тэмцлийг шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэх онцгой өдөр билээ.
Энэ жил дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын улмаас бий болсон хүндрэл, бэрхшээлийг хамтдаа даван туулж, “Choose To Challenge” буюу “Жендерийн хэвшмэл ойлголтын эсрэг хамтдаа тэмцье!” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улс энэхүү уриаг дэмжиж, жендерийн хэвшмэл ойлголт, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг, бүгдээрээ тэгш эрх, тэгш оролцоотой нийгмийг бий болгохын төлөөх “БИ....БАЙНА” аяныг эхлүүлсэн билээ.
Жендерийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчилснөөр хүйсээс хамаарсан ялгаварлан гадуурхалтыг устгаж, харилцан бие биеэ дэмжиж, тэгш эрхт нийгмийг байгуулж чадна.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын өсөлтийг дэмжих, амьжиргааны түвшинг сайжруулах чиглэлээр нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Тогтвортой хөгжлийн зорилт болох хэнийг ч орхигдуулахгүй байх, ялангуяа охид, эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалах, дэмжихэд онцгой анхаарч байна.
Эмэгтэйчүүд та бидний хамтын ажиллагаа, идэвх санаачилга, оролцоо аль ч түвшинд, аль ч үйл хэрэгт чухал гэдгийг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна.
Дэлхий өөрчлөгдөж байна. Бид ч бас илүү сайн сайхан нийгэм, ололт амжилт руу тэмүүлэн хөгжих учиртай. Хэн хөдөлмөрлөж байна, түүний өмнө амжилт, бүтээлийн олон хаалга нээгддэг билээ. Эх хүний, эмэгтэй хүний өрх гэр болоод улс орныхоо хөгжил, дэвшилд оруулах хувь нэмэр улам бүр өсөн нэмэгдсээр байна. Хамтдаа сайн сайхан өнөөдрийг бүтээж, маргааш руу зорьцгооё!
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД​​​ А.АРИУНЗАЯА
Дээш