Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн “Хөсөг” төслийн төлөөлөлтэй уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, “Хөсөг” төслийг үүсгэн байгуулагчидтай уулзаж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутаг болон аймгуудад явуулах сургалтыг хамтран зохион байгуулах боломж, нөхцөлийн талаар санал солилцов.
“Хөсөг” төсөл нь орон нутгийн жижиг дунд үйлдвэр, хоршоо, эмэгтэйчүүдийн гэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн эмзэг бүлэг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн гар урлал чадварыг хөгжүүлэх зорилготой. Мөн Байгаль орчинд ээлтэй, өрхийн болоод орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах Тогтвортой хөгжлийн бодлогод чиглэсэн томоохон зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа талаар төслийг санаачлан, хэрэгжүүлэгчдийн нэг А.Намуун онцоллоо.
Тус төслийн хүрээнд эмэгтэйчүүдэд чанартай, загварлаг цаг үеэ дагасан, зэх зээлд эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалт зохион байгуулж, эргээд тэдний урлаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байна. Тодруулбал, эхлээд зааж сургаад дараа нь захиалагч нь болж бүтээгдэхүүнийг нь худалдаж аваад зах зээлд гаргадаг.
Иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд боломж олгож дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой “Хөсөг” төслийн үйл ажиллагаа нь орон нутагт хэрэгжиж эхлээд 7 жил болж байгаа аж. Орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хоршоо болон гэрээр хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн уг төсөл 2021 онд Баян-Өлгий аймагт хэрэгжих бөгөөд энэ тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Дэвшилтэт технологид суурилсан үнэ цэн бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг боловсронгуй болгож системээр нь хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гарах зорилготой анхны кластринг төсөл аж. Одоогоор Казахстаны Алма- Ата хот болон Өвөр Монголын өөртөө засах орны төв Хөх хотод “Хөсөг” дэлгүүрээ нээхээр ажиллаж байгаа юм байна.
Дээш