Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт “залуучууд нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцохдоо нийтэд тустай сайн дурын ажилд манлайлан оролцохыг эрхэмлэнэ”, 6.1.4 дэх хэсэгт “залуучууд нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцохдоо гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцохыг эрхэмлэнэ”, 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт “төрөөс залуучуудын хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжинэ”, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “энэ хуулийн 6.1.3, 6.1.4-т заасан сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэж, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж тус тус заасанчлан “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-ыг боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/130 дугаар тушаалаар баталлаа.

Залуучуудын нийгмийн бүтээн байгуулалт, гамшгаас хамгаалах арга хэмжээ, хүмүүнлэгийн сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэх, баталгаажуулах, ажлын туршлагад тооцуулах үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

Актын бүтэц нь нийтлэг үндэслэл; сайн дурын ажилд хамруулах, бүртгэх, баталгаажуулахад баримтлах зарчим; сайн дурын ажлын чиглэл; сайн дурын ажилтны эрх, үүрэг, хориглох зүйл; сайн дурын ажлын бүртгэл, зохион байгуулалт, баталгаажуулалт; сайн дурын ажил гүйцэтгэсэн тухай лавлагаа авах; сайн дурын ажилтанд үзүүлэх дэмжлэг гэсэн хэсгээс бүрдэнэ.

Журмын хэрэгжилтийг  залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төвд тулгуурлан хариуцан зохион байгуулах бөгөөд залуучуудын сайн дурын ажлын бүртгэл, зохион байгуулалт, сайн дурын ажилтны үүрэг, хориглох зүйлийн хэрэгжилтэд хяналт тавих, сайн дурын ажлын явц, үр дүнг орон нутгийн Залуучуудын хөгжлийн төвийн саналыг үндэслэн үнэлэх, “Залуучуудын мэдээллийн нэгдсэн сан”-д байршуулж баталгаажуулах чиг үүргийг хүлээнэ.

Орон нутгийн Залуучуудын хөгжлийн төв нь сайн дурын ажил гүйцэтгэх хүсэлтэй залуучууд болон сайн дурын ажил хийлгэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг бүртгэх, талуудад холбон зуучлах, сайн дурын ажил гүйцэтгэсэн тухай тайланг тухайн ажлын зорилго, ач холбогдол, хугацаа, үр дүнг илтгэсэн гэрэл зургийн хамт боловсруулах, залуучуудыг сайн дурын ажилд уриалах, сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, сайн дурын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх чиг үүргийг хүлээнэ.

Энэхүү журмаар сайн дурын ажлыг зохицуулснаар сайн дурын ажлыг зохион байгуулж буй тал, хамрагдаж оролцож буй тал аль алины хувьд ач холбогдолтой, эерэг үр нөлөөтэй бөгөөд сайн дурын ажил зохион байгуулах, оролцох талуудын идэвх, санаачлага нэмэгдэж, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн арга хэмжээ, үйл ажиллагаанууд илүү олноор зохион байгуулагдаж, тэдгээрээс зорилтот бүлгийн хүртэх ашиг тус, үр нөлөө нэмэгдэнэ.

Журмын хэрэгжилтийг хангах хүрээнд ГБХЗХГ-ын www.zaluuhun.mn цахим хуудасны “Сайн дурын ажил” цэсэнд сайн дурын ажил хийх, хийлгэх хүсэлтэй талуудын бүртгэл, зуучлалыг хийж байна. Дараах холбоосоор орж танилцах боломжтой. https://www.zaluuhun.mn/#/volunteers

“Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журам”-тай https://www.legalinfo.mn/annex/details/9703?lawid=14312 холбоосоор танилцах боломжтой.

Мөн Төрийн албаны зөвлөл нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11.1.10 дахь хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажилд манлайлан оролцсон болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хамрагдсан залуучуудын хувьд төрийн албаны тусгай шалгалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын шалгалтын үнэлгээнд давуу байдалд тооцох зохицуулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д тусгасан. Тус журамтай https://www.legalinfo.mn/annex/details/9632?lawid=14265 холбоосоор танилцах боломжтой.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫН АЖЛЫГ БҮРТГЭХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
2 САЙН ДУРЫН АЖЛЫГ БҮРТГЭХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН САЙДЫН ТУШААЛ
3 САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙХ ХҮСЭЛТИЙН БҮРТГЭЛ
4 САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙЛГЭХ ХҮСЭЛТИЙН БҮРТГЭЛ
5 САЙН ДУРЫН АЖЛЫН ЛАВЛАГАА
Дээш