НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ



ХНХЯ-наас нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд санал авахаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг төрийн бус байгууллагуудад 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ноос дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг болон МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, аймаг орон нутаг дахь ҮЭ-ийн салбар холбоодын удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт нийгмийн даатгалын багц хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцож асуултад хариулж, хуулийн төсөлд тайлбар, тодруулга өгч, харилцан мэдээлэл солилцож, санал бодлоо илэрхийллээ.
Дээрх хуулиудын төслийг энэ оны 5 дугаар сараас төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж эхлээд байгаа ба уг хуулиудын төсөл нь одоо мөрдөгдөж буй эв санааны нэгдлээс хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурлаж, нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх, мөн санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх зарчимд тулгуурласан юм.