“ТӨВ АЗИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО


Хөдөлмөрийн зах зээл, бизнесийн салбарт жендэрийн ялгаа их хэвээр байгаа бөгөөд цөөн тооны эмэгтэйчүүд улс орны өндөр өсөлттэй салбарт удирдах албан тушаалд ажиллаж, эмэгтэйчүүд албан ёсны бизнес эрхлэх үйл ажиллагаанд хязгаарлагдмал оролцоотой хэвээр байна.
ЕСБХБ-ны Төв Ази дахь хөтөлбөрийг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга (We-Fi Women Entrepreneurs Finance Initiative) санхүүжүүлж байгаа бөгөөд тус төсөлд Төв Азийн бусад орнууд, тухайлбал Киргизстан, Тажикистан, Узбекистан багтаж байна.
ЕСБХБ-ны Төв Ази дахь “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөтөлбөр” нь Монгол Улсын жендэрийн бодлогын үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийн бодлого ба хууль эрх зүй, зохицуулалтын шинэчлэлийг сурталчлах, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх, санхүүгийн оролцоо, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн бодлогын яриа хэлэлцээний механизмыг бий болгоход чиглэгдэж байна.
Тус төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэх хүрээнд олон талт түншлэлд суурилсан Удирдах зөвлөлийг Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулсан бөгөөд анхдугаар хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа.
Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Удирдах зөвлөлийн дарга А.Ариунзаяа, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ноён Ханнес Такач болон бусад Удирдах зөвлөлийн гишүүд оролцов.