“Ард түмний штаб” аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээлгэн өглөө
uploaded pictureuploaded pictureХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнөөдөр “Ард түмний штаб”-ын тэргүүн Б.Жагар, зохицуулагч Б.Алтанхуяг, нарийн бичгийн дарга Б.Урсгалсайхан болон “Далд хүн” ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр нарыг хүлээн авч уулзлаа.
“Ард түмний штаб”-аас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлийг нэн тэргүүнд олгох шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, зарим аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг биечлэн хүлээлгэн өгөхийг хүссэний дагуу энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Ард түмний штаб”-д ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн багц хүсэлт, өргөдлийг хүлээн авч, холбогдох байгууллагад санал хүсэлтийг уламжлан шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж зохион байгуулдаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хөтөлбөрүүд, ялангуяа аж ахуй эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн жижиг зээл, эргэн төлөх нөхцөлтэй, барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгт өргөдөл, хүсэлт гаргасан иргэдийг хамруулах боломжтой талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд “Ард түмний штаб”-тай хамтран ажиллахаар боллоо.
Дээш