ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ “ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИССЫН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2020-09-18 11:45   Уншсан тоо: 1556

Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг Засгийн газар батална” гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв, салбар, орон нутгийн комисс нь иргэн (даатгуулагч)-ий хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны “Заавар шинэчлэн батлах тухай” А/85/241 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Иргэн (даатгуулагч)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох, хөдөлмөр зохицуулалт хийх заавар” тус тус үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

 

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршино.

 

Иймд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг боловсронгуй болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн (даатгуулагч)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөр зохицуулалт хийх үйл ажиллагаанд гарч буй маргаантай асуудлыг шийдвэрлэх  эрхзүйн орчныг боловсронгуй болгох, магадлалын үйлчилгээнд оролцогч талуудад чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор нэмэлт өөрчлөлтийг тусган шинэчлэн боловсруулав.

 

Иймд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд өөрчлөлт  шинэчлэн оруулж баталснаар Эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэн (даатгуулагч)-д Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх боломж нэмэгдэх тул дүрмийн төслийг боловсруулаад байна.

 

Дүрмийн төсөлд өгөх саналаа ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

 

Дүрмийн төсөл үзэл баримтлалыг хавсралт хэсгээс татаж авна уу.