Төгсөгчидийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2016

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа билээ. Энэ удаагийн судалгаанд 2012/2013 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчдийг гурав дах жилдээ мөшгөн, судалгаанд хамрууллаа.


Судалгааны зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байранд тулгарч буй болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг илрүүлэн, салбарын бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын шийдвэр гаргагчид, судлаачдыг тоон мэдээллээр хангахад чиглэгддэг.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг ажил мэргэжлийн түвшинд судлах явдал нь бодлого боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээлд бэлэн буй ажлын байрны шаардлагад сургалтын байгууллагаас нийлүүлэгдэж байгаа мэргэжилтэй шинэ ажилтнуудын ур чадвар нийцэж буй эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, хэлбэр, тэдний хэтийн төлөвлөгөө зэрэг асуудлыг тоон болон чанарын үзүүлэлтүүдээр дамжуулан судалж, түүнийг хэрэглэгчидэд хүргэж, бодлогод нөлөөлж байгаа нь уг судалгааны ач холбогдол оршиж байна.

Та бүхэн судалгааны үр дүнтэй танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлалтай, мөн шинжилгээтэй холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээж, хамтран ажиллахыг хүсье.

Дэлгэрэнгүйг хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Төгсөгчидийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2016