Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, тоног төхөөрөмж угсрах, засварлах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээг гадаадын хуулийн этгээдтэй байгуулж болно.
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээнд дараахь ерөнхий нөхцлийг тусгана:

  • гадаадын иргэний ажиллах байгууллага, гүйцэтгэх ажил үүрэг;
  • гадаадын иргэний ажиллах мэргэжлийн чиглэл, ажлын байрны нэр, хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний тоо;
  • гадаадын иргэний эрүүл мэндэд тавих шаардлага;
  • мэргэжил, боловсролын түвшинг баталсан баримт бичгийг харилцан зөвшөөрөх нөхцөл;
  • гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, түүнийг цуцлах нөхцөл;
  • цалин хөлсний хэмжээ;
  • хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цагийн горим;
  • орон сууц, ахуйн хангамжийн асуудал;
  • нийгмийн даатгалын асуудал;
  • гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх маргаан болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга хэлбэрүүд.

Гадаадын иргэн нь Хуулиар хориглосноос бусад чиглэлээр Монгол Улсад хөдөлмөр эрхэлж болно. энд дарж хуулийг үзнэ үү.
Аж ахуйн нэгж, байгууллага нь гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахад:

  • Засгийн газраас жил бүр тогтоодог хувь хэмжээний дагуу гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах бол /Засгийн газрын 2017 оны 317 дугаар тогтоолийг татаж авах/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шууд хандана.
  • Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнээс дээш хэмжээний гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд Засгийн газрын 2017 оны 317 дугаар тогтоолын дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хандан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах аж ахуйн нэгж, байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалтыг энд дарж татаж авна уу.

Гадаад иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа
нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэнд сунгаж болно. Гадаадын иргэнд олгох хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг тухайн байгууллагын албан бичгээр хүсэлт тавьсан өдрөөс эхлэн тооцно.

Визгүй зорчих паспорттой бол тус улсад хөдөлмөр эрхэлж болно гэж ойлгож болохгүй. Ийм төрлийн паспортой иргэн зөвхөн 30 хоног зорчих эрхтэй байдаг учир ирэхээсээ өмнө хөдөлмөр эрхлүүлэхээр урих зөвшөөрлийг урьдчилж авсан байх шаардлагатай.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад хөдөлмөр эрхлүүлэх салбарын яам, агентлагийн тодорхойлолтыг заавал авсан байна

Жишээ нь :

  • Боловсрол, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын зөвлөх мэргэжилтэн, багш, эрдэм шинжилгээний ажилтан нар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас;
  • Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний дагуу улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барихад ажиллах мэргэжилтэн, ажилтнууд харьяалж буй холбогдох яамнаас;
  • Эрүүл мэндийн салбарт ажиллах гадаадын иргэн нь Эрүүл мэндийн яамнаас гэх мэт.

Засгийн газраас тогтоосон хувь хэмжээг тооцоолоход Монгол ажиллагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолтыг үндэслэнэ.  
Дотоодын ажилчдын тоог үнэн зөв, бодитой гаргуулахын тулд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь тухайн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын хэлтсээс тодорхойлолт гаргуулна. Дээрх тодорхойлолтыг үндэслэн Засгийн газраас жил бүр гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, нийт монгол ажиллагчдын тоонд гадаадын иргэдийн эзлэх хувийг тооцож хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно.

Ажлын байрны төлбөр
Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоход ажиллах хугацаагаар нь тооцож ажлын байрны төлбөр авна. Гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажил олгогч нь энэхүү төлбөрийг төлнө. Төлбөрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрт Монгол улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /240000/-г 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

Аж ахуйн нэгж байгууллага нь Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-д заасан холбогдох материалыг бүрдүүлэн гадаадын иргэнийг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлнэ. энд дарж журмыг үзнэ үү

 


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Гадаадаас 2018 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоол
2 Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах аж ахуйн нэгж, байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт