Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авах тухай

Монгол Улсын иргэдийг гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэхэд зуучлах  үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль, “Ажиллах хүч гадаадад  гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хууль болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/69 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн загвар, баримт бичиг бүрдүүлэх заавар”-ыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоно.

“Гадаадад ажиллах хүч зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн загвар, заавар”-ыг энд дарж татаж авна уу.

Батлагдсан загварын дагуу бүрдүүлсэн тусгай зөвшөөрөл авах  баримт бичгийг хүлээн авч, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг газар дээр нь шалган, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 5.3, 6.3-д болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний стандартад заасан үзүүлэлтийг хангасан болох нь тогтоогдвол Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын  хэсгийн  хурлаар хэлэлцүүлнэ. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Сайд тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргана.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай гэрээ байгуулж, улирал бүр тайлан ирүүлж,  жил бүр дүгнүүлж ажиллана.    
Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас хуанлийн 30-аас доошгүй хоногийн өмнө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад бүрдүүлэх баримт бичгийг загвар, зааврын дагуу бүрдүүлж ирүүлэх бөгөөд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Тусгай зөвшөөрөл авах баримт бичгийн бүрдлийг маягт 1-12, сунгалт хийлгэх баримт бичгийг маягт 13-14, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг маягт 15-д заасны дагуу бүрдүүлж, ирүүлнэ.Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийн төлбөрийн нэг хувийг авчирч өгнө.    
Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгалт хийлгэхэд бүрдүүлэх баримт бичгийг зохих маягтуудаар үнэн зөв бүрдүүлсэн байна.