Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн хурал боллоо

2020-10-09 17:53   Уншсан тоо: 152

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалдаг бөгөөд өнөөдөр тус зөвлөлийн хурал боллоо.

Хурлаар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн орлогч даргыг сонгох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2020 оны төсвийн хуваарийг тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах, талаар хэлэлцэж баталлаа. Тодруулбал, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн орлогч даргаар батлав.

“Алсын хараа 2050”-д Хөдөлмөрийн эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж, иргэн бүрийг ажилтай орлоготой болгох зорилт хэрэгжүүлэх талаар тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт бүтээн байгуулалтын төсөл болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар оруулсан. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн програм хангамжийг бий болгож, үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Үүнээс гадна ХНХЯ-ны үйл ажиллагааг цахимжуулж халамжаас хөдөлмөрт шилжих зорилгоор орлого багатай иргэдийг ур чадвар эзэмшүүлэх, сургалтад хамруулах, зайнаас болон цагаар ажиллах уян хатан зохицуулалт бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг удирдах зэрэг ажил зохион байгуулахаар ажиллаж байна.

Эдгээр болон дээрх бодлогын шийдвэрийг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрөө улам боловсронгуй болгож хэрэгжилтийг иргэн төвтэй, ил тод, нээлттэй зохион байгуулахын тулд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд хамтран ажиллах юм.