Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

2017-05-16 12:24   Уншсан тоо: 1235

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчид, нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл, хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид,төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхан  оролцож Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, санал бодлоо солилцсон юм.

Уулзалт, хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн,  НББСШУ-ы байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар үг хэлсэн. 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас  хойш улс орны эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ арга хэлбэр, чиг хандлага бий болж байгаагаас үүдэн уг хуулийг шинэчлэхзайлшгүй шаардлага тулгарч байгааг онцолж байлаа.

Хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн түншүүд буюу ажил олгогч болон ажилчдын байгууллагууд, энэ асуудлаар мэргэшсэн хуульч, судлаачид, сонирхсон төрийн бус байгууллагууд зэрэг олон талын төлөөлөл бүхий ажлын хэсэг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн тусгасан ба  эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцад хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, зайнаас буюу гэрээсээ ажиллах, бүтэн бус цагаар ажиллах, алслагдмал газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн харилцааны зохицуулалтуудыг тусгасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулж байгаа нь хуулийн хамрах хүрээг явцуу болгож, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтнуудын хувьд хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүй байх байдал бий болдог учраас хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцож Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх зохицуулалтыг оруулсан байна. Түүнчлэн ажилтан, ажил олгогчийн хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх, ажилтны цалин хөлсийг ур чадвар, гүйцэтгэл, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгож аль болох анхан шатандаа зардал багатайгаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрийн харилцаанд шударга бус үйлдлийг хориглох, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтыг хязгаарлах зэрэг олон шинэ зохицуулалтуудыг оруулсан байна.  

Хуулийн төсөл нийт 13 бүлэг, 127 зүйлтэй ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажил, амралтын цаг, зарим онцлог бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн маргаан болон хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, хөдөлмөрийн удирдлага, хяналттай холбоотой зохицуулалтуудыг тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэрМонголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс уг хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөл боловсруулсан Ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултуудаа асууж, холбогдох санал, зөвлөмжүүдийг өгч байлаа.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ