А.Чимэгсүрэн: Нийгмийн халамжийн үйлчилгээг тодорхой хуваарийн дагуу олгоно

2020-03-16 15:59   Уншсан тоо: 344

Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны хурлаас тогтоосон  гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хорио цээрийн дэглэмийн хугацаа өнөөдөр /2020-03-16/-өөр дууссантай холбоотойгоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэнгээс тодрууллаа.

-Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтод ямар нэг өөрчлөлт гарсан уу?

-Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, чанартай хүргэх талаар бид холбогдох арга хэмжээг авч  ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламж, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдийн тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг дөрвөн төрлийн үйлчилгээг Сангийн яамны е-баримт аппликейшн ашиглан олгосон. Энэ сард ч мөн 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмжийг е-баримт аппликейшн ашиглан олгоно.

-Энэ сарын халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилт банкууд руу шилжсэн үү?

-Нийгмийн халамжийн сангийн санхүүжилтийг энэ сарын 12-нд багтаан бүрэн хийсэн бөгөөд нийгмийн халамжийн тэтгэвэрт 9,9 тэрбум, тэтгэмжид 4,8 тэрбум, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламжид 2,0 тэрбум, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжид 2,6 тэрбум, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2,4 тэрбум төгрөг, нийтдээ 24,6 тэрбум төгрөгийг энэ гуравдугаар сард олгох юм.

COVID-19 халдварын дэгдэлтийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хуваарийн дагуу олгох зохион байгуулалтыг хийж бэлтгэл ажлыг хангасан.

-Тогтсон өдрүүдэд олгоно гэсэн үг үү?

-Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сарын 16-наас,  0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж буюу бидний нэрлэж заншсанаар цалинтай ээжийн мөнгөн тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмжийг 18-наас, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  20-ноос тус тус олгож эхлэх юм. Ингэхдээ иргэдийг заавал арилжааны банкинд өөрийн биеэр очилгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээгээ өөрийн хуваарьт банкны харилцах дансаараа дамжуулан авахыг уриалж ажиллаж байгаа.

-Нийгмийн халамжийн үйлчилгээг харилцах дансаараа дамжуулан авахын тулд иргэд хаана храндах ёстой вэ?

-Үүний тулд халамжийн үйлчилгээ авч байгаа арилжааны банкиндаа хандаж идэвхтэй буюу хүчинтэй данс байгаа эсэхийг нягтлах, байхгүй тохиолдолд шинээр нээлгэх, дансаар дамжуулан халамжийн мөнгө авах хүсэлтээ биечлэн очиж гаргах, харилцах дансандаа холбуулах шаардлагатай.

Нийгмийн халамжийн үйлчилгээг нэрийн дансанд холбуулах нь халамжийн мөнгөө тухайн банкны аль ч салбар, тооцооны төв, АТМ-ээс авах боломжтой, санхүүжилт орсон тохиолдолд хамгийн түрүүнд мөнгөө авах боломжтой болно.