Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлэг хийлээ

2017-05-12 16:23   Уншсан тоо: 453

“Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдэвт  үндэсний  хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан болон яамны газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын ахмадын холбоо, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий  газрын дарга, удирдлагууд, хот, орон нутгийн хэлтсийн дарга, нягтлан бодогч, судлаач, багш нарын төлөөлөл 160 гаруй хүн оролцлоо. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын төлөөлөгч, төслийн ажилтнууд оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж УИХ гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэлсэн үгэндээ Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан багц хуулийг 1995 оноос мөрдөж эхэлснээс хойш багц хуульд 20 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь нийгэмд үүсээд буй зарим асуудлыг тодорхой хугацаанд шийдвэрлэж байгаа боловч өнөөгийн нөхцөлд шинээр үүссэн, цаашид үүсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүргээд байна. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс хүн амын хөгжил, тэтгэврийн шинэчлэл, малчдын талаар баримтлах бодлогууд болон  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлснийг онцоллоо.

Хэлэлцүүлгээр  нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэх шаардлагын талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт мэдээлэл хийсэн юм.  
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсгээс боловсруулсан “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл”-ийн анхны хувилбар, Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, нийгмийн даатгалын бусад хуулиудад оруулах зохицуулалт, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын  тухай хуулийн төслийн талаар  танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны аймаг, салбарын төлөөлөгч нар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч, мөн судлаач, багш нар багц хуулийн шинэчлэл, хэлэлцүүлэгтэй холбоотой санал шүүмжлэл,байр сууриа илэрхийлж байв.