Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд санал авч байна

2017-05-12 08:12   Уншсан тоо: 447

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, төрөөс хүн амын хөгжил, тэтгэврийн шинэчлэл, малчдын  талаар баримтлах бодлого,  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт   нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, сангуудын бие даасан байдал, удирдлага, засаглалыг сайжруулж, захиран зарцуулалт, санхүүгийн менежментийг ил тод болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчилж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж малчдыг нийгмийн даатгалд заавал хамруулах тогтолцоонд шилжүүлэх, түүнчлэн нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх зорилтуудыг дэвшүүлсэн.

 

Тус яам болон Сангийн яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн эхний хувилбарыг шинэчлэн боловсруулан олон нийтээс санал авахаар  веб хуудсанд  байршууллаа.

 

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд хуулийн нэр томьёоны  найруулгыг залруулж, ойлголтыг нарийвчлах, бусад салбарын хуулиар зохицуулж байгаа болон хуульд огт тусгаагүй нийгмийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой харилцаа, шинэчлэн батлагдсан зарим хуулийн харилцааг тус хуулиар зохицуулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын мэдээллийн сан, нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаандаа баримтлах зарчим,  нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн менежмент, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүн болон чөлөөлөх орлого, шимтгэл төлөх журам,  шимтгэл төлөгчид үзүүлэх үйлчилгээ, нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага   зэрэг олон асуудлыг тусгасан болно.

 

Нийгмийн даатгалын ерөнхий  хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд   khishigbayar@mlsp.gov.mn,  ganchimeg.g@mlsp.gov.mn, gerelsaikhan@mlsp.gov.mn  хаягаар саналаа өгнө үү.

Төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл