ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЭМХЭТГЭЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ХЭВЛҮҮЛЭВ

2019-12-04 15:04   Уншсан тоо: 355

Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг 1994 онд баталж, улмаар 1995 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хуулийн хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр, зардал олгох, нийгмийн баталгааг хангах, даатгуулагч болон ажил олгогчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн болон мэргэжлийн нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, хянах, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна.

 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 2018 онд 212.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 45.6 мянган ажил олгогч болон 801.6 мянган даатгуулагчийг албан журмын даатгалд, 194.4 мянган даатгуулагчийг сайн дурын даатгалд хамруулжээ. 

 

Мөн 2018 онд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 4.1 мянган даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр, 539 даатгуулагч тэжээгчээ алдсаны тэтгэвэр, 1.0 мянган даатгуулагч тэтгэмж, төлбөр, 3.0 мянган даатгуулагч сувиллын зардал авч нийт 8.8 мянган даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал үйлчилгээ авчээ.

 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 2.8 хүртэл хувиар ялгавартайгаар төлж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг ажил олгогч, даатгуулагч (иргэн)-д сурталчлах, нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарыг чадавхижуулах, хууль тогтоомжийг нэг мөр зөв ойлгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эрхлэн энэхүү эмхэтгэлийг анх удаа хэвлүүлэв.

Энэхүү эмхэтгэлд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдан хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм, журам, зааврыг багтаан орууллаа.

 

 

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР