“МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ОЛОН УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРТЭЙ ХОЛБОГДОЛТОЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЭМХЭТГЭЛ”-ИЙГ БОЛОВСРУУЛЖ ХЭВЛҮҮЛЭВ

2019-11-29 16:58   Уншсан тоо: 111

Гадаад оронд оршин сууж амьдрах, ажиллах, суралцах Монгол иргэдийн тоо болон мөн гадаад орноос Монгол улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлогын нэг чухал зорилт нь гадаад улсад оршин сууж байгаа монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах явдал юм.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэлхийн өнцөг булан бүрт ажиллан амьдарч буй Монгол Улсын иргэн бүрийг нийгмийн даатгалын үйлчилгээнд хамруулах, тэдний ирээдүйн амьдралын баталгааг нь хангах эрх зүйн орчин, нөхцөл боломжийг бүрдүүлэх бодлого, чиглэл баримталж байна.

Өнгөрсөн хугацаанд гадаад улс, орнуудад ажиллаж байгаа Монгол иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах тухай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах, холбоо тогтоох, шимтгэл төлсөн болон ажилласан хугацааг тооцох, тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүллээ.

Тус яам нь гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр болон албан бусаар ажил хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг нийгмийн даатгалд даатгуулж, Нийгмийн даатгалын хуулиуд болон Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрт заасан зохих нөхцөл болзол журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэхэд нь туслахад зориулан одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр, уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим хууль эрх зүйн актуудыг эмхэтгэн анх удаа хэвлүүлэв.

Энэхүү эмхэтгэлд Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн  тухай хууль, Олон Улсын гэрээний тухай хууль болон Монгол Улсаас Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс /ОХУ/, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд байгуулсан Нийгэм хангамжийн болон Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, журам, аргачлалыг тус тус багтаан орууллаа.

 

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР