ЭРХЭМ БАГШ НАРТАА БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2019-10-04 15:31   Уншсан тоо: 142

Дэлхийн багш нарын 25 дахь, Монголын багш нарын 53 дахь өдрийн баярын мэндийг үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай ард түмэн эртнээс багшийг дээдэлж, тэдний эрдэм ухааныг шүтэн биширч ирсэн. Тэр ч утгаараа жил бүрийн энэ өдөр багш нар төдийгүй багштай хүн бүхний баярын өдөр байдаг.  Эх орны ирээдүйн эздийг эрдмийн ч номтой, хүний ч номтой болгон сургаж хүмүүжүүлэх их үйлст цаг наргүй зүтгэж яваа багш нарын нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгож, үр дүн, бүтээмжид суурилсан цалин хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн.

           

Багш нарын цалинг 30.0, цэцэрлэгийн багш нарын цалинг 40.0 орчим хувиар тус тус нэмэгдүүллээ. Цалин урамшууллыг нэмэхээс гадна багш нарын ажлын байранд үнэлгээ хийж, албан тушаалын ангилал зэрэглэлийг ахиулан шинэчилж,  орлогыг өсгөх бодлого явууллаа. Дөнгөж өчигдөр бид Мэргэжлийн боловсрол сургалтын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнөө Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгууллаа.

 Монгол Улсын хөгжих дэвжихийн үндэс-баялаг бүтээгч мэргэжилтэй ажилтны асуудалд Засгийн газар бодлогын тэргүүлэх түвшний ач холбогдол өгч буйн илэрхийлэл болсон энэ зөвлөгөөн салбар, багшийн асуудлыг өргөн хүрээнд, улсын эдийн засаг, нийгэм, ажиллах хүчний хөгжил, хандлагад суурилан авч үзэх, аж үйлдвэрийн IY хувьсгал, инноваци, бүтээмжтэй нягт уялдсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, мэргэшлийн ур чадварыг хангах зорилтыг тал бүрээс нь харах, ярилцаж зөвлөлдөх, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлох өргөн боломжийг олгосонд баяртай байгаа. “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, албан хаагчдад улирлын ажлын мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн МСҮТ, Политехник коллежийн багш, албан хаагчдын үр дүнгийн мөнгөн урамшууллыг ирэх онд 15 хувь болгох, багшийн багц цагийг 36 болгон багшийн ачааллыг бууруулах шийдвэр гаргана.  

Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхийн зэрэгцээ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай  шинэчилсэн нхуулийн дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдад өмнө нь олгогддоггүй байсан удаан жилийн нэмэгдлийг цоо шинээр олгож эхлэхээр боллоо. Ингэснээр багш нар цалингийн дунджаар 10 орчим хувиар удаан жилийн нэмэгдэл авах боломж бүрдэж буй юм.

 Багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тэднийг тасралтгүй хөгжиж байх тогтолцоог бүрдүүлэхэд ч анхаарч байна.Энэ бүгд Засгийн газраас багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны нэгээхэн хэсэг. Багшаа дээдлэх төрийн бодлого цаашид ч амжилттай хэрэгжиж, эх орны ирээдүй хойчийг залгамжлах эрдэм мэдлэгтэй, ур чадвартай, хөдөлмөрт дуртай, хүнлэг энэрэнгүй зөв монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх их үйлст тань үр нөлөөгөө өгөх нь дамжиггүй.

 Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ