Нэгэн жарны түүхийг нэхэн сануулав

2019-05-21 18:20   Уншсан тоо: 143

Монгол Улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн”-д зориулан “60 жил 60 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордонд гаргасан. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан уг үзэсгэлэнд Монгол Улсын хөдөлмөрийн салбарын түүхийг өгүүлсэн олон сонирхолтой гэрэл зургууд багтсан юм. Тус салбартай ажил амьдралаа холбон зүтгэсэн ахмадууд гэрэл зургуудыг үзээд залуу нас, ид хийж бүтээж явсан оргилуун дэврүүн үеийнхээ тухай дурсамж хөврүүлэн хуучилж байлаа. Жаран жилийн ойд ахмадууд олон ирсэн.

Тэдний дунд Хөдөлмөр, цалин хөлсний товчоо, Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо гэж байх үеийн түүхийг эгээ л өчигдөрхний явдал мэт хөөрөх ахмад буурлууд олон ирсэн байлаа. Үе үеийн сайд дарга нараас хамгийн ахмад нь  энэ жил 88 насны сүүдэр зооглож буй Б.Жамъян гуай байв. Тэрбээр 1960-аад оны эхний жилүүдэд үйлдвэрүүдэд тарифт цалингийн систем анх нэвтрүүлэхэд гар бие оролцон зүтгэж явсан бөгөөд Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны орлогч даргаар чамгүй олон жил ажилласан нэгэн. Нэгэн жарны түүхийг нэхэн сануулсан үндэсний зөвлөгөөний зочдын дунд хамт ажиллаж байсан ч сүүлийн хорь гучин жил бараа бараагаа харалцаагүй улс олон байж таарсан. Хөдөлмөрийн салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл нэгэн дор цугларсан 60 жилийн ойн арга хэмжээ сайхан боллоо.