С.Чинзориг: Өнгөрсөн жаранд хөдөлмөрийн салбар улс орны хөгжлийн тэргүүлэгч болтлоо хөгжиж ирлээ

2019-05-21 18:04   Уншсан тоо: 157

 

Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жил, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөнд “Хөдөлмөрийн салбар: Өнгөрсөн ба одоо, ирээдүй” үндсэн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Монгол Улс дахь хамтын ажиллагаа” дэд илтгэлийг ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдер, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа,  нийгмийн түншлэл, цаашдын зорилт” итгэлийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар тавьж өөр өөрийн салбарын байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Ши.Батбаяр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын түүхэн хөгжил, ололт, сургамжийн талаар сонирхолтой илтгэл тавьсан.

Хөдөлмөрийн салбарын туулсан түүх, өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлогын талаар тавьсан илтгэлдээ С.Чинзориг сайд “БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Намын Төв хорооны 1959 оны тавдугаар сарын 20-ны хамтарсан тогтоолоор СнЗ-ийн дэргэд “Хөдөлмөр, цалин хөлсний товчоо”-г байгуулсан нь өнөөгийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын анхны бие даасан бүтэц юм. Хөдөлмөр, цалин хөлсний товчоог долоон ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байсан бол эдүгээ энэ салбарт 7000 гаруй албан хаагчид иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллыг сайжруулж, төрийн үйлчилгээгээг иргэдэд хүргэх, бодит орлогыг нэмэгдүүлэх нэгэн зорилго дор нэгдэн ажиллаж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсэн байгуулагдсан гурван талт бүтэцтэй, төрөлжсөн агентлаг бөгөөд дэлхийн 187 гишүүн улсын Засгийн газар, ажилтан, ажил олгогчийн төлөөллөөр дамжуулан зөвшилцлийн зарчмаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөдөлмөрийн стандартыг тогтоон ажилладаг. Тус байгууллагад Монгол Улс 1968 онд гишүүнээр элссэнээс хойш суурь найм, нийт 20 конвенцийг соёрхон баталжээ. ОУХБ үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлж, зохистой хөдөлмөрийг дэмжих”  уриан дор тэмдэглэж байна. Тэмдэглэлт ойн хүрээнд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудтай хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрдэм шинжилгээний хурал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар үндэсний чуулган, хөдөлмөрийн ажилтнуудын дунд ажил, мэргэжлийн уралдаан зэргийг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээгээд хөдөлмөрийн салбарын түүхэн хөгжил, ололт амжилт,  одоо хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, сорилт, ирээдүйн чиг хандлага, бодлогын зорилтын талаар товч танилцуулсан.

Сайдын илтгэлээс товчлон хүргэж байна.

Хөдөлмөрийн салбарын түүхэн хөгжил, ололт амжилт

 Монгол Улсад хөдөлмөрийн асуудлаарх бие даасан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсан үеэс хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, тээвэр, төмөр зам, хүнс, мод боловсруулах зэрэг чиглэлээр үндэсний ажиллах хүчээ бэлтгэх өргөн боломж бий болсон юм.

 1962 онд “Хөдөлмөр, цалин хөлсний улсын хороо” байгуулагдан статус, эрх үүргийн хувьд өргөжин хөдөлмөрийн нэгдсэн норм, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэрүүд нэвтэрч, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх, цалин хөлс, эдийн засгийн урамшууллын механизмыг бүхэлд нь боловсронгуй болгох зэрэг ажлуудыг эрчимтэй хийж хэрэгжүүлсэн байна.

1990 оноос өмнө төвлөрсөн эдийн засгийн тогтолцооны үед хүн бүр хөдөлмөрлөх үүрэгтэй, хөдөлмөрийн нөөцийн зохицуулалтыг төрөөс нэгдсэн удирдлагаар зохицуулж байсан бол зах зээлийн нөхцөлд хөдөлмөрлөх нь хүний эрхийн салшгүй хэсэг болсон билээ. Эдийн засаг, нийгмийн шилжилт хөдөлмөрийн салбарын бүхий л түвшинд шууд тусч түүний сөрөг үр дагавар болох ажилгүйдэл, ядуурал нийгэмд газар авсан тухайн үед манай салбарын бодлого, үйл ажиллагаанд эрс өөрчлөлт орсон. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, шинэ Үндсэн хуультай уялдуулан эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн багц хуулиудыг боловсруулж батлуулан, нийгэмд үүсээд байсан ажилгүйдэл, ядууралтай тэмцэх зорилт тавин ажиллаж байсан.

1996 онд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам болгон өөрчлөн зохион байгуулж, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг батлуулан хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, орон нутгийн байгууллагын бүтцийг шинээр бий болгож, хөдөлмөр эрхлэлтийн удирдлага, мэдээллийн сүлжээг байгуулсан нь тухайн үедээ мэдээллийн сүлжээг улсын хэмжээнд бий болгосон эхний цөөн салбаруудын нэг болж байлаа.

1998 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын 5 өдөртэй долоо хоногт шилжүүлэх хууль гаргасан нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан шийдвэр болж байсан боловч дэлхийн нийтийн хандлагад нийцсэн, иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулахад эерэг нөлөө үзүүлжээ.

Шилжилтийн эдийн засгийн үед ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөрийн салбарыг шинэ нөхцөлд төлөвшүүлэн хөгжүүлэхэд Нэгдсэн үндэстний байгууллага, ОУХБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Германы хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд хөрөнгө санхүүжилт, техникийн туслалцаа үзүүлж ирсэн.

2000 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг шинээр байгуулж Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр хууль эрх зүйн болон эдийн засгийн орчин бүрдүүлэх олон арга хэмжээнүүдийг авсан.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр батлагдан гарсан нь өнөөгийн хөдөлмөрийн бодлогын үндсийг тавьсан гэж үздэг. Мөн хөдөлмөрийн биржийг шинээр байгуулж, бүтэц, үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулахад дэвшилттэй алхам болсон юм.

2012 оноос Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болгон тусад нь бие даалган байгуулжээ. Мэргэжлийн боловсрол, сургалт, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хөдөлмөрийн бодлоготой уялдуулсан нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал алхам болсон. Хөдөлмөрийн судалгааны институтыг дахин байгуулж, төв, орон нутгийн хөдөлмөрийн албадыг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байсан байна.

Өнгөрсөн жаранд хөдөлмөрийн салбар үндэсний түвшинд бүтэц, тогтолцоотой, хүний нөөцтэй улс орны хөгжлийн тэргүүлэх салбар болтлоо хөгжиж ирлээ. Салбарын эрх зүйн шинэчлэл 1990-ээд оноос эрчимтэй хийгдэж нийт 30 гаруй хууль, тэдгээрийг дагалдан гарсан эрх зүйн актууд хүчин төгөлдөр үйлчилж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн олон улсын байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Чех, Унгар, Польш, Турк зэрэг улсуудтай хоёр талт хамтын ажиллагаагаа хөдөлмөрийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн.

Хөдөлмөрийн салбарт нийгмийн түншлэлийн тогтолцоо өндөр түвшинд хөгжиж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Түүнчлэн хүн амын бүлгийн эрх ашгийг хамгаалсан төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хөдөлмөрийн хүрээний асуудлаар идэвхитэй хамтран ажиллаж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо, судалгаа шинжилгээний ажлыг орчин үеийн  шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх суурь тавигдсан он жилүүд байлаа. 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хөдөлмөрийн салбарын стратеги, алсын хараа тусгагдсан нь салбар дундын бодлогын уялдаа, зохицуулалтыг хангах бололцоо бүрдлээ.

Хөдөлмөрийн салбарын өнөөгийн байдал, сорилт

Монгол Улсын нийт хүн ам 2018 оны эцсийн байдлаар 3.2 саяд хүрч, 1990 онтой харьцуулахад хүн ам жилд дунджаар 1.8 хувиар өссөн байна. Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны хүн ам 2018 онд 2.2 сая,  эдийн засгийн идэвхитэй хүн ам 1.4 сая байна.

1979 онд манай улсын 35 хүртэл насны хүн ам 79.4 хувь байсан бол 2019 оны эхэнд 71.3 хувь болсон байна. Хүн ам зүйн ачаалал 1979 онд 99.1 байсан бол 2012 онд 46.3 хувь, 2018 онд 54.6 болсон байна. Хүн ам зүйн цонх үе 2030 он хүртэл үргэлжлэх төлөв ажиглагдаж, цаашид хүн амын насны бүтэц идэршин ахимаг насны хүн амын тоо нэмэгдэнэ. Энэ нь хүн амын нас, хүйсийн бүтцийн өөрчлөлтийг угтсан ажиллах хүчний болон хөдөлмөрийн бодлого, зохицуулалт бий болгохыг шаардаж байна. Хүн амын бүтцийн өөрчлөлтийн зэрэгцээ эдийн засгийн үйл ажиллагааны салбарын өөрчлөлт нь ажиллах хүчний салбарын бүтцэд томоохон өөрчлөлтийг бий болголоо. Эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудад хөдөлмөр эрхлэлт сүүлийн 10 жилд 200.0 мянга орчим буюу 16 орчим хувиар нэмэгдсэн бөгөөд үүний 30 хувь худалдаа, үйлчилгээний салбарт ногдож байна. Уул уурхайн салбар ДНБ-ий 23.6 хувийг үйлдвэрлэж байгаа боловч ажиллах хүчний зөвхөн 4.6 хувийг шингээж байна. Ажиллагчдын 50 орчим хувь хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс бага, ажиллах хүчний хөдөлгөөн ихтэй хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад аж үйлдвэр, боловсруулах болон хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, тогтвортой ажлын байр бий болгох салбар дундын уялдаа, бодлогын өөрчлөлт хийх нь зүйтэй байна. Эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр салбаруудад мэргэшсэн ажиллах хүчний эрэлт нэмэгдэж байна. Эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх үйл явц удаашралтай байна. Боловсролын салбарт шинэчлэл хийж байгаа боловч хөдөлмөрийн зах зээлд гарч байгаа богино хугацааны өөрчлөлтийг мэдрэх, хөдөлмөр эрхлэх ур чадварыг бий болгох асуудал тулгамдсаар байна.

Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт нь ур чадвар чанарын түвшинд ч хувьсан өөрчлөгдөж байна. Техник технологийн өөрчлөлт, хиймэл оюун ухаан, автоматжуулалтын нөлөөгөөр ирээдүйд шинэ төрлийн ажлын байр бий болох боловч одоо байгаа ажлын байрны тоо буурч, ажлын агуулга, хэв шинж өөрчлөгдөх хандлагатай байна.

Ажлын байрны шинэ хэв шинж, шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчийг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад бэлтгэхдээ үйлдвэрлэлийн дадлагад түлхүү чиглэсэн байдлаар сургалтын агуулгыг шинэчилж, зарим мэргэжлийн хувьд богино хугацаанд эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулна. Улмаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төрөлжүүлэн үйлдвэрлэл дундын техник, технологийн дадлагын баазыг байгуулж, инновацийг нэвтрүүлэх замаар зах зээлд чиглүүлэн хөгжүүлэх бодлого шаардагдаж байна.

Ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 2018 онд давхардсан тоогоор 130 гаруй мянган иргэнд хөдөлмөрийн эрхлэлтийн үйлчилгээг үзүүлж, 43 мянган иргэнийг ажилд зуучлан оруулсан, хөдөлмөр эрхлэлтийг дэмижх арга хэмжээнд 13801 байнгын ажлын байр хадгалагдаж болон шинээр бий болж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 50.8 тэрбум төгрөгийг зарцуулсан.

Засгийн газраас гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-аас дээш хувиар бууруулах зорилт тавин 2017-2018 онд гадаад ажилчдын тоог 20 хувиар, 2016 онтой харьцуулсан нийт дүнгээр 42 хувиар тус тус бууруулсан нь гадаадын ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөс голлон бүрдэж байгаа ХЭДС-гийн орлогыг буурахад нөлөөлж байна. 2018 онд улсын төсвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 20.0 тэрбум төгрөгийг хуваарилсан, цаашид улсын төсөв болон бусад эх үүсвэрээс ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хуваарилах хөрөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны төлөвшил харьцангуй удаан, бүтэц эмзэг бөгөөд нийт аж ахуйн нэгж, байгууллагын 91.8 хувийг 1-9 ажилтантай жижиг аж ахуйн нэгж, байгууллага эзэлж, ажлын цагийн тогтсон горимгүй, цалин хөлс тогтоох системгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тааламжтай орчин бүрдүүлж чадаагүй аж ахуйн нэгж байгууллага олон байгаа нь байгууллагын ажиллагчдын тооноос гадна менежментийн чадавхитай холбоотой юм. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хууль тогтоомж нь хөдөлмөрийн харилцааны олон тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй байна. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хөдөлмөрийн харилцааны төлөвшилд нийгмийн түншүүдийн гүйцэтгэх үүрэг өндөр юм. Хөдөлмөрийн хууль тогтоомжийг шинэчлэхдээ хувийн хэвшилд  хамтын гэрээ, хэлэлцээрийн ач холбогдол нэмэгдүүлэн цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт зэрэг зохицуулалтын доод, дээд хэмжээг хуулиар тогтоож, түүнээс илүү нөхцөлийг харилцан тохиролцож, уян хатан зохицуулдаг байх зарчмыг баримтална.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын хэмжээний сарын дундаж цалин хөлс 2018 оны 4 дүгээр улиралд 1120.3 мянган төгрөг байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд цалин хөлсний эзлэх хувь 2012 -2017 онд 23.9–26.7 хувь байна. Сүүлийн жилүүдэд бодит цалингийн өсөлт удааширч, нийт ажиллагчдын тоонд бага цалинтай хэсгийн эзлэх хувь нэмэгдэж байгаагаас ажиллах хүчний шилжих хөдөлгөөн их байна. 2000 онд эмэгтэй, эрэгтэй ажилтнуудын дундаж цалингийн ялгаа 8 хувь байсан бол 2017 онд 17 хувь болсон байна. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн зөрүүтэй байдлыг бууруулахын зэрэгцээ адил хөдөлмөрт ижил цалин хөлс олгох зарчмыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлага ч бий.

Үндэсний түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэргэшлийн зэргийн тогтолцоо бүрдүүлж, салбарын болон аж ахуйн нэгжийн түвшинд цалин хөлсний тогтолцоог бүрдүүлэх, ажиллагчдын цалин хөлсийг бодитой тогтооход хамтын гэрээ, хэлэлцээрийн механизмыг ашиглах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.

Зохистой хөдөлмөрийн нэг гол шалгуур болох хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн байдал манай орны хувьд асуудал дагуулсан хэвээр байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 2009-2018 оны мэдээгээр хүнд үйлдвэр, геологи уул уурхай, барилга, зам тээврийн ажилтнуудын дунд мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тохиолдол өндөр байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчний нийт тохиолдлын 44 хувь нь уушигны, 21 хувь нь мэдрэлийн гаралтай, 9 хувь нь химийн хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн өвчлөл эзэлж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, санхүүжилтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд чиглүүлэх, хөдөлмөрийн хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын тогтолцоо, чанарыг сайжруулах, ХАБЭА-н талаарх суурь судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах үйлчилгээг боловсронгуй болгох асуудал чухлаар тавигдаж байна.

 

Хөдөлмөрийн салбарын цаашдын бодлогын чиглэл, олон улсын чиг хандлага

Хувь хүний ур чадварыг насан туршид нь хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн хяналт, нийгмийн түншлэлийн байгууламжийг сайжруулах, зохистой, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийг баримталж, ирээдүйн ажил, хөдөлмөрийг хүндээ чиглүүлэх стратегийн зорилтыг ОУХБ-аас шинээр тодорхойлсон.

Хөдөлмөрийн бодлогын олон улсын чиг хандлага, манай орны хүн ам, ажиллах хүч, эдийн засгийн бүтэц, тогтолцоотой уялдуулан хөдөлмөрийн салбарт дараах бодлогыг дэвшүүлж байна.

 1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын салбар хоорондын бодлогын уялдааг хангана.

2. Хот, хөдөө, хүн амын бүлгүүдийн бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг зөрүүг бууруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

 3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүй, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгож, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлнэ.

4.Үндэсний, салбарын болон аж ахуйн нэгжийн түвшинд цалин хөлсний зохистой, шударга тогтолцоог бүрдүүлж, ДНБ-д цалин хөлсний эзлэх хувийг нэмэгдүүлнэ.

5.Ажлын байрны орчин, нөхцлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тохиолдлыг бууруулах хууль эрх зүй, санхүүжилтийн орчин, бүтэц тогтолцоог сайжруулж, урьдчилан сэргийлэх соёлыг бүх түвшинд нэвтрүүлнэ.