Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар олон нийтэд ажлаа тайлагнав

2019-05-02 10:52   Уншсан тоо: 496

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр улс орон даяар буюу 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон яамны харьяа газруудын удирдлага оролцсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харъяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй гэдгийг С.Чинзориг сайд нээлтийн үгэндээ онцлоод “ОУХБ нь НҮБ-ын дэргэд анх байгуулагдсанаас хойш 100 жилийн хугацаанд эгнээндээ дэлхийн 187 орныг эгнээндээ нэгтгэж хөдөлмөр, хөдөлмөрийн хүрээний олон улсын хэм хэмжээ, стандартыг тогтоож, хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд бүхий л шийдвэр, бодлогын үйл ажиллагааг Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн гурван талт зөвлөлдөх бүтцээр дамжуулан гаргаж, хэрэгжүүлдэг байгууллага юм.

Монгол Улс ОУХБ-д 1968 онд элссэн бөгөөд тус байгууллагын суурь 8 конвенцийг оруулаад нийт 20 конвенцид нэгдэн орж, УИХ-аар соёрхон батлуулсан. Түүнчлэн тэртээ 1959 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсад тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн 199/189 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, цалин хөлсний товчоог байгуулсан нь Монгол Улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдаж, үйл ажиллагааг явуулж эхэлсэн анхны үйл явдал байсан.

Энэ үеэс хойш эдүгээ 60 жилийн хугацаанд хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд олон өөрчлөлт орж, хувьсаж, хөгжиж иржээ. Эдгээр ойн өдрүүдийн хүрээнд манай яамнаас иргэд, олон нийтэд чиглэсэн хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг” юм” хэмээгээд 2019 онд ХНХЯ-наас хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалалтай холбоотой хэд хэдэн томоохон ажлыг хийж, чухал шийдвэрүүдийг гаргаж ажилласнаа танилцуулсан.

Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлсэн. Засгийн газрын 2018 оны 264 дүгээр тогтоолоор багш, эмч нарын үндсэн цалинтай тэнцүү буюу түүнээс бага цалинтай 173.4 мянган төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 8 хувиар, Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын цалингийн нийт сүлжээг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 8.0 хувиар тус тус нэмэгдүүлэн тогтоолоо.

Ингэж цалин нэмэгдүүлэх 2 удаагийн арга хэмжээг авсанаар төрийн албан хаагчдын цалин хөлс нийтдээ 16.6 хувиар нэмэгдүүлсэн ба төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 916.0 мянган төгрөгт хүрч, 2014 оны түвшнээс 27.5 хувиар нэмэгдсэн. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дагуу энэ оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 320.0 мянган төгрөг боллоо. 2020 онд мөн 420.0 мянган төгрөг болж нэмэгдэх бөгөөд ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжигч 100.0 мянга орчим ажиллагчдын цалин хөлс 33.3 хувиар нэмэгдэнэ.

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хоёрдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийг хүн амын амьжиргааны доод түвшинд хүргэж, 174 000 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээг 76 000 төгрөгт хүргэж тус тус нэмэгдүүллээ. Мөн Засгийн газрын энэхүү хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээг 24.0 мянган төгрөгөөр, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 310.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 27.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 270.0 мянган төгрөг болгон тус тус шинэчлэн тогтоосон.

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт салбар дундын уялдаатай бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар бүс нутаг, аймаг, нийслэл, сум, хороо, өрх, багт чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд түшиглэсэн тодорхой төлөвлөгөөт үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой ”Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Түүнчлэн ХНХЯ-наас “Хөдөлмөр эрхлэлтийн статистик үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулсан зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлснээ тайлагналаа. Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харъяа бүх байгууллагууд, ОУХБ, бусад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй байгууллага оролцож төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил, мэргэжлийн боловсрол, сургалтын болон бусад холбогдох чиглэлээр явуулж байгаа бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулж, иргэдийн саналыг нээлттэй авахаас гадна салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйлчилгээг нэг цэгээс иргэд олон нийтэд хүргэж, 60 томоохон ажил олгогч, 10 хөдөлмөрийн хувийн биржийн оролцоотой “Ажил зуучлалын үйлчилгээ”-г үзүүллээ.