МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРААС ГАВЬЯАТ ТӨРЛӨӨ

2019-04-12 16:39   Уншсан тоо: 122

Монголын багш нарын VII их хурал Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 11, 12-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Анхны их хурлаас 84, сүүлчийн их хурлаас 23 жилийн дараа болж буй их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр оролцсон. Их хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар үг хэлж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багшийг төрийн ардын болон гавьяат цолоор шагналаа. Тэдний нэг нь мэргэжлийн боловсрол сургалтын салбарын ууган эрдэмтэн  Сэнгээгийн Цээпил болж Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн юм.

 

С.Цээпил мэргэжлийн боловсролын салбарт 1969 оноос хойш тасралтгүй ажиллаж техник мэргэжлийн сургалтын арга зүйг боловсруулах, мэргэжлийн боловсролын талаарх бодлого, эрх зүйн акт боловсруулах ажилд биечлэн оролцож, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, сургууль багш нарт арга зүйн туслалцаа үзүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулан Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил арга зүйн төвийн захирлаар олон жил ажилласан нэгэн билээ.