“Алтан гадас” одонгоор гурван хүнийг шагналаа

2019-02-04 13:44   Уншсан тоо: 416

Төрд ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртсэн ажилтнуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Монголын ард түмний уламжлалт баяр сар шинийн босгон дээр ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Нарантуяагийн Баярмаа, Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Даваадоржийн Адилбиш, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Цэндийн Энхтуул нар “Алтан гадас” одон, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нягтлан бодогч Доржготовын Билэгмаа “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаасан юм.

Төрийн өндөр шагнал хүртсэн ажилтнуудад сайд С.Чинзориг салбарын нийт хамт олны өмнөөс  баяр хүргэж амжилт хүслээ. Тэрбээр “Бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэлтэй хүн л зүтгэдэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шилдэг ажилтнууд та нарт төрдөө зүтгэлээ үнэлүүлж энэ сайхан шагналыг хүртэж буйд салбарын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хүчин зүтгэлээр өнгөрсөн 2018 онд бид ард иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах, ажилтай орлоготой байлгах олон чухал шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Энэ онд бид эхэлсэн ажлуудаа үргэлжлүүлж илүү ихийг хийх том зорилттой ажиллаж байгаа билээ” хэмээгээд салбарынхаа нийт ажиллагсаддаа сар шинийн мэнд дэвшүүллээ.