Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов

2019-01-31 17:31   Уншсан тоо: 320

 

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батлав. Уг тогтоолоор жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглож буй бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д “Бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлж, хүүхдийн осол, эндэгдлийн түвшинг 2 дахин бууруулна”  гэсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дугаар тогтоолоор  “...Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон.  Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн боловч тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон төдийгүй бэртэж гэмтсэн, амиа алдсан тохиолдол ч гарсан.

Нэг үгээр хурдан морины уралдаан нь Монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн байх уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохиож, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар бооцоотой гэх мэт хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэрт шилжээд байгаа тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өвөл, хаврын уралдааныг бүр мөсөн хориглох нь зөв хэмээн үзэж дээрх тогтоолын төслийг санаачлан Засгийн газрын хуралдаанд оруулсан байна.

Зсгийн газрын хуралдаанд тогтоолын төслийн талаар хийсэн ХНХ-ын сайдын танилцуулгад 1996-2019 онд хурдан морины уралдааны явцад нийт 40 хүүхэд амь насаа алдаж, зохион байгуулагч болон оролцогч талууд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироож хууль зөрчсөн болон сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаантайгаар хүүхдийн эрх зөрчигдсөн, амь нас эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн жишээ баримтуудыг тодорхой дурджээ. Тухайлбал, 2018 онд 491 уралдаан болж 11328 хүүхэд унаж уралдсанаас 661 нь мориноос унасан 98 нь бэртэж гэмтсэнээс хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй болж, нэг хүүхэд амиа алдсан.

2019 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд морины жүчээнээс морьтойгоо буцаж явсан 10 настай хүү 20-30 метрийн зайтай соёолон насны морины сунгаанаас ханарч давхисан моринд дайрагдан нас барсан. Мөн нэгдүгээр сарын 18-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон морины  уралдааны үеэр 13 настай унаач хүү мориноос унаж тархиндаа хүнд гэмтэлтэй, ухаангүй дөрөв хоносон, одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа.

Хүнд бэртэл авсан хүүхдийн ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа алдахаас гадна  уралдаанч хүүхдүүдийн 20-30 хувь нь боловсрол эзэмшиж чадахгүй, эцэг эхээсээ хол, айлд амьдарч, цалинтай болон цалингүйгээр хурдан морь унаж байгаа зэргээр эрх нь зөрчигдөж буй юм.