“ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

2018-12-24 16:12   Уншсан тоо: 280

Улирч буй 2018 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслол өнөөдөр /2018-12-24/ Төрийн ордны Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.

“Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  27 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд 2018 онд    “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил”,  “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага”, “            Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжа”, “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинэ санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Эх орны түүх, соёл, өв уламжлал”, “Багийн амжилт” гэсэн нийт 10 номинацид 86 шилдэг сурагч өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан 29 хүүхэд,  найман хүүхэдтэй тусгай ангийн хамт олон шалгарлаа.

“Оны онцлох хүүхэд”-ийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн  У.Хүрэлсүх гардуулж, шилдэг хүүхдүүдэд баяр хүргэж үг хэллээ. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ манай улсын нийт хүн амын 35,8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн дээд эрх ашгийг хангах, хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж, төсөв хөрөнгийг үр ашигтай хуваарилах,  хүүхдийн хөгжлийг дэмжсэн бодлого хөтөлбөрийг дэмжих, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцлоод Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 тоот тогтоолоор байгууллага, салбар бүрт мөрдөх “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”, “Эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах зөвлөмжийг” баталсан гэдгийг хэлсэн. Тэрбээр “Хүүхдүүд та бүхэн хичээл сурлагадаа шамдаж, үе тэнгийнхнээ зөв үлгэрлэн манлайлж, цахим орчны ёс зүйтэй хэрэглээг хэвшүүлэх, эх орныхоо түүх соёлыг судлан мэдэж, эх хэлээрээ зөв ярьж, бусдад туслах, зөв шударга хүн болж хүмүүжих хэрэгтэй. Томчууд бидэнд хүүхэд, багачуудын хөгжих, зөв хүмүүжил төлөвшилтэй, эх оронч, хүмүүнлэг иргэнийг бэлтгэж, хөгжүүлэхэд зайлшгүй шийдвэрлэх асуудлууд байна. Тухайлбал, хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжиж, аймаг, дүүрэг бүрт хүүхдийн хөгжлийн ордон, төвүүдийг байгуулах, хүүхдийн хөгжил, төлөвшилд чиглэсэн үйлчилгээний цогц хөтөлбөр, төслийг дэмжиж санхүүжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа” хэмээгээд 2018 оны “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүдэд боловсролтой, мэдлэгтэй байх нь ирээдүйн амьдралын баталгаа гэдгийг ухамсарлаж, эцэг эхдээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй, их соёл, зан заншлаа өвлөн дээдэлж, Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөж явах ерөөл өргөв.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын бүх хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай өсөж, хүүхдийн эрх айл бүрийн тооноор ивгээлт наран мэт цацарч, багана мэт бат бэх, хана мэт хамгаалагдсан, босго мэт өндөр хүндлэлтэй байхыг хүсч, хүүхэд багачууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд, дасгалжуулагч, хамт олонд талархал илэрхийлж, шинэ жилийн мэнд хүргэлээ.