Ирэх онд гадаад ажиллагсдын тоог 20 хувиар бууруулна

2018-12-12 15:06   Уншсан тоо: 1278

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Уг тогтоолоор ирэх онд гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар тогтоосон бөгөөд ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан гадаад ажилчдын тоог 50 хувь бууруулах зорилтыг 2020 он гэхэд бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна” хэмээн заасны дагуу 2018 онд гадаад ажилчдын тоог 30 хувь бууруулах зорилтыг хэрэгжүүлснээр   гадаад ажилчдын тоо энэ онд 2016 онтой харьцуулахад 42 хувь, 2017 онтой харьцуулахад 20 хувиар тус тус буурсныг онцлоод цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудаар бэлтгэж байгаа мэргэжлүүдээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахыг бууруулах бодлого баримталж, салбарын ажиллах хүчийг дэмжинэ гэдгийг хэллээ.

Сайдын хэлснээр Монгол Улс өөрсдөө бэлтгэж байгаа мэргэжлүүд буюу тодруулбал барилгын төрөл бүрийн мэргэжлүүд, зам  гүүрийн барилга, уул уурхайн туслах мэргэжлүүд болон авто засварын газарт ажиллах вьетнам засварчдын тоог эрс бууруулах боломж байгаа юм байна.

Монгол Улсад энэ сарын 1-ний байдлаар 95 орны 7223 гадаадын иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа. Судалгаагаар аж ахуйн нэгжүүд хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрлийнхөө 85.4 хувийг ашигласан бөгөөд гурваас зургадугаар сард  нийт урьдчилсан зөвшөөрлийн 54-78 хувь нь ногдож, уул уурхай, зам, барилга зэрэг улирлын чанартай салбарт олноор хөдөлмөр эрхэлж байна гэсэн дүн гарчээ.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоодог бөгөөд ингэхдээ гадаад ажиллах хүчний өнөөгийн нөхцөл байдал, ажиллах хүчний хэрэгцээ шаардлагатай уялдуулан өмнөх жилүүдэд тогтоосон хувь хэмжээ хэрхэн хэрэгжсэн талаарх тайлан мэдээг харгалзаж үздэг юм.