Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдөж байна

2018-12-07 11:20   Уншсан тоо: 64

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн” Төрийн ордонд боллоо.

Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн С.Чинзориг үг хэлэв. Тэрбээр Хүүхдийн асуудлаар салбар бүртээ үүрэг хүлээн ажиллаж байгаа төрийн албан хаагчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэд олон нийт, эцэг эхчүүд, зөвлөгөөний төлөөлөгчдөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн Тэргүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлээд хүүхдийн төлөөх ариун үйлст амжилт хүсээд Монгол Улсын нийт хүн амын 36,2 хувийг эзэлж буй хүүхэд багачуудын төлөө төр, засгаас хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид баримтлах бодлогын талаар товч танилцуулсан.

С.Чинзориг сайд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжих, хөгжих, сурч боловсрох, үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох, хамгаалагдах үндсэн эрхийг хангахад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байгаад онцлоод “Хүүхэд хамгааллын тухай хуулийн үзэл баримтлалын хүрээнд Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улс сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хууль эрх зүйн орчныг шинэчлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд ихээхэн ахиц дэвшил гарган ажиллалаа. Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн 5 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлан үр дүнтэй хэрэгжүүлж байна. Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын  үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, тодорхой ахиц гарч байгаа нь хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид та бүхний хичээл зүтгэл, салбар дундын хамтын ажиллагаа сайжирсны  үр дүн хэмээн дүгнэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг 12 дахин нэмэгдүүлж 5,0 тэрбум төгрөгийг баталсан. Улмаар 2019 оны улсын төсөвт 8,0 тэрбум төгрөгийг тусган хүүхэд хамгааллын зардлыг 62,5 хувиар нэмэгдүүллээ. Цаашид хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хүүхдийн хөгжил хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана.  Монгол Улсын Засгийн газраас хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай бүтэц, тогтолцоог бүрдүүлж, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг байгуулж, 2 аймагт хүүхдийн ордон шинээр ашиглалтанд орууллаа” хэмээсэн.

Анх удаа зохион байгуулж байгаа уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар илгээлт ирүүлснийг нээлтийн үеэр уншиж сонсголоо.

Салбар дундын улсын зөвлөгөөнд 800 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр бодлого, хэрэгжилт, цаашдын зорилт”, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиглэл хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн “Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан.

  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/218 тоот тушаалаар хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай салбар дундын ажлын хэсгийг  яам, агентлаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэйгээр  баталж  ХНХ-ын  дэд сайд С.Мөнгөнчимэг хариуцан ажиллаж байгаа юм. Тэрбээр илтгэлдээ хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай бүтэц, тогтолцоог бүрдүүлэн үйлчилгээний төвүүдийг байгуулсныг онцлон дурдсан бөгөөд тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор байгуулж, сард дунджаар 10 мянга гаруй дуудлага хүлээн авч, хүүхэд өсвөр үеийнхэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, хүүхэд хамгааллын шуурхай тусламж үзүүлэн ажиллаж байгааг таницлуулсан. Тус төв нь  2018 онд 160 гаруй мянган дуудлага хүлээн авч, нийт тохиолдлын 66 хувьд үйлчилгээ үзүүлж шийдвэрлэсэн байна. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр улсын хэмжээнд нийт 609 хамтарсан багийн 4600 гаруй гишүүнийг сургалтад хамруулж, 16 аймаг, нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн 400 гаруй гишүүнийг ажлын байран дээр нь сургаж чадавхжуулжээ. Үүний үр дүнд хамтарсан багууд 2017 онд  гэр бүлийн хүчирхийлэл гарсан 1298 гэр бүлтэй ажиллаж, 2178 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 6318 хүүхэд, иргэнд аюулгүй байдлын хамгаалалт, сэтгэл зүйн зөвлөгөө, эмнэлгийн тусламж, холбон зуучлах үйлчилгээг үзүүлсэн бол 2018 онд кейс шийдвэрлэлт 63 хувьд хүрсэн тухай дэд сайд С.Мөнгөнчимэг ярьж байв.

Мөн зөвлөгөөнд оролцогчдод “Хүүхдийн хөгжил, хамгаалал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх мэдээлэл хийж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх,  хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, тэднийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хэрхэн хамгаалах талаар тодорхой мэдээлэл бүхий сонирхолтой илтгэлүүдийг  Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, ДЭМБ-аас тавьсан юм.

Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнөөр  Хүүхдийн эрхийг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгавар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 02 тоот тогтоол, Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай Засгийн газрын 2018 оны 01 тоот албан даалгавар, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 02 тоот тогтоолын хэрэгжилтийн талаар олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулж, харилцан сайн туршлагаа хуваалцаж,  хүүхдийн эрх хамгааллын орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон  салбар дундын хамтын ажиллагаанд цаашид анхаарч ажиллах нэгдсэн зөвлөмжийг гаргаж, иргэд, олон нийт, гэр бүл, аж ахуй нэгж байгууллага болон төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүх шатны байгууллагад мэдээлж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэх  “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал”, “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, “Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал”, “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль сахиулах байгууллагын үүрэг оролцоо” зэрэг сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулна. 

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн салбар дундын оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлж хүүхэд, өсвөр үеийнхний эрхийг хамгаалах асуудлаар дэвшүүлж байгаа зарчим, зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал авч уриалга гаргаж, түгээх юм.