Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

2018-10-10 11:22   Уншсан тоо: 887

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг анх 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурал баталснаар Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдний эрхийг хамгаалах эрх зүйн суурь харилцааг зохицуулсан. Гэвч хуулийн зорилго, зохицуулалт, үйлчлэх хүрээ өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засаг, нийгэмд гарсан өөрчлөлт, шинээр бий болсон харилцааг зохицуулах шаардлагыг хангахгүйд хүрээд байна.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл нь Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс руу чиглэсэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний харилцаанд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шилжилт хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг үндэсний хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан, нэгдмэл байдлаар зохицуулах зорилготой бөгөөд 5 бүлэгтэй, 43 зүйлтэй байхаар боловсрууллаа.

Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй шинэ зохицуулалтыг тусгасан:

  1. Ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах шаардлагыг шинээр тусгасан. Ажлын байрны захиалгаа мэдээллийн санд байршуулж, ажилтнаа идэвхтэй хайсан боловч ч ажлын байр сул хэвээр байгаа тохиолдолд ажил олгогч гадаадаас ажилтан авах хүсэлт гаргах эрх үүсэхээр хуульчиллаа.
  2. Гадаадаас ажилтан сонгох, ажилтан авах зөв гарцыг бий болгох, албан бус зуучлалыг зогсоох зорилгоор гадаадын ажиллах хүч мэргэжилтний мэдээллийн санг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүрдүүлэх, ажил олгогч мэдээллийн сангаас ажилтнаа сонгох боломжийг шинээр тусгасан.
  3. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хэдэн ч удаа сунгаж болохоор нээлттэй зохицуулсныг бусад орны туршлагын дагуу хязгаарлаж, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох, зөвшөөрөл бүхий гадаадын иргэнийг өөр байгууллагад шилжүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг шинээр бий болгов.
  4. Олон Улсын хөдөлмөрийн байгууллага болон Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гишүүн орнууддаа зориулан гаргасан үндсэн  зөвлөмжийн дагуу хөдөлмөр, гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, мэдээлэл харилцан солилцох зохицуулалтыг тусгасан.
  5. Гадаадаас ажилтан авахад орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын оролцоогүй байсныг өөрчилж, тэдгээрийн бодит оролцоог хангах, зарим чиг үүргийг орон нутагт шилжүүлж, тухайн үйл ажиллагаанд нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага хяналт тавьдаг байхаар томьёолсон.
  6. Гадаадаас ажилтан авах квотын тогтолцооны үр нөлөөг сайжруулж, Засгийн газраас баталсан тоонд багтаан ажил олгогч дотоодын хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт хангагдсаны дараа гадаадаас ажилтан авдаг болох, өмнө квотоос чөлөөлөх буюу хуулийн этгээдийн гадаад ажилтан авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг байсныг өөрчиллөө.
  7. Ажлын байрны төлбөрийн доод хэмжээг хуулиар тогтоож, салбарын онцлогийг харгалзан Засгийн газар ялгамжтай тогтоох боломжийг бүрдүүлсэн.Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулиар ногдуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутагт төлж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулсны ажлын байрны төлбөрийн асуудлыг хөндөөгүй.
  8. Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлан зохицуулав.Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн албадын тухай 181 дүгээр Конвенц”-ийн үзэл баримтлалд нийцүүлэн зуучлалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тусгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хариуцлагажуулсан.Тусгай зөвшөөрлийг тухайн улсын эрх бүхий байгууллагатай гадаадад ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулсан, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай хуулийн этгээдэд олгоно.
  9. 9.Зуучлуулагч иргэдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, учирсан хохирлыг бууруулах, барагдуулах зорилгоор Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө байршуулах, түүнээс хохирол барагдуулах зардал гаргах асуудлыг шинээр тусгасан.
  10. 10. Зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлуулагчийн зуучлагдах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулсан.

Хуулийн төслийг боловсруулахдаа Филиппин, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон зэрэг улсын хууль тогтоомжийг судалж, сайн туршлагыг дотоодын хууль тогтоомжтой уялдуулан тусгасан. Хуулийн төслийн үр дагаварт хийсэн үнэлгээ болон холбогдох судалгаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан үзсэн болно. Хуулийн төслийн үр нөлөөг тандах судлах судалгааны явцад холбогдох байгууллага, яамд болон иргэдээс судалгаа авч, саналыг тусгалаа.

Хуулийн төсөлд өгөх саналаа khishigjargal@mlsp.gov.mnryenchindorj@mlsp.gov.mn хаягаар болон бичгээр ирүүлнэ үү.

Хуулийн төсөл болон танилцуулга, үзэл баримтлалыг хавсралт хэсгээс татаж авна уу.

 

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал
2 Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
3 Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл
4 Танилцуулга
5 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлагын судалгаа