МЭНДЧИЛГЭЭ

2018-09-30 15:20   Уншсан тоо: 248

Олон улсын ахмадын 28 дахь өдрийн мэндийг дэвшүүлье

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн азай буурлууд, ахмад настан Та бүхэндээ “Дэлхий дахинд хүний эрхийн төлөө амьдралаа зориулсан ахмад настнуудын өдөр” уриан дор тэмдэглэж буй Олон улсын ахмадын 28 дахь өдрийн баярын мэндийг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө ахмад настны нийгмийн баталгааг хангах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг тусгаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Ахмадууд маань төрийн халамжид хамрагдахаас гадна өөрсдийнхөө нийгмийн хамгааллыг сайжруулах, нэмэгдэл орлого бий болгох, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэхийг бид зорилт болгон ажиллаж ирлээ.

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж, 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийт хүн амд эзлэх хувь нь жилээс жилд өсч байгаа ахмад настны нийгмийн баталгааг хангах үүднээс ахмад настны аж байдлыг дээшлүүлж  ядуурлаас хамгаалах, эрүүл урт наслуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлэх зорилготой “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газраас батлан 2018-2022 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд тэтгэвэр нэмэгдүүлэхэд 119,5 тэрбум төгрөгийг зарцууллаа. Ирэх онд ч эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ахмадуудынхаа тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх болно. 2018 оны хагас жилийн байдлаар Насны хишгийг 125166 ахмад настанд олгоход 13,9 тэрбум төгрөг, Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтөд 104746 ахмад настанг хамруулж 10,2 тэрбум төгрөг зарцуулж, Алдар цолтон 2382 ахмад настанд 2.1 тэрбум төгрөгийн нэмэгдэл,  854 алдар цолтон ахмад настанд 188.2 сая төгрөгийн хөнгөлөлт, тусламж олгосон байна. Монголын ахмадын холбоотой төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж буйгаас гадна ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх 106 байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав. Хөдөө, орон нутгаас нийслэлд түр хугацаагаар оршин сууж байгаа 1460 ахмад настанд нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих цахим картыг олгож, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т 1754 ахмад мэргэжилтнийг хамруулж, үүнд 1,030,1 сая төгрөг зарцууллаа.

Мөн “Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги”, Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр,  болон “Монгол Улсын Хүн амын насжилтын асуудлаарх Үндэсний стратеги”-ийн дунд хугацааны үнэлгээг хийж, уг стратеги зорилтуудыг 2019-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг олон баримт бичгийг боловсруулан, хэрэгжүүлж ажиллахаар төлөлвлөж байна. 

Цаашид Монгол Улсын Засгийн газар ахмад настнуудынхаа амьдралын баталгааг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг баталгааг хангах талаар олон арга хэмжээг санаачлан та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.

 

Азай буурлууд, ахмад настан та бүхэндээ урт нас, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ