МОНГОЛ, ФИНЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН XIII ХУРАЛДААН БОЛОВ

2018-09-12 09:40   Уншсан тоо: 986

Монгол, Финландын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн хамгааллын хамтын ажиллагааны комиссын XIII хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Хельсинки хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус комиссын хуралдааныг Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Финландын талаас Гадаад хэргийн яамны гадаад худалдаа эрхэлсэн дэд сайд  Маркку  Кейнонен нар  ахлан  оролцлоо.

Комиссын хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр боловсрол, байгаль орчин, уул уурхай, ой, сэргээгдэх эрчим хүчний салбарт нийгмийн тэгш хүртээмжтэй байх. Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Финландын Ухаалаг эрчим хүчний хөтөлбөрт хамрагдах боломжийг судлах, хот суурин газрын байгаль орчны бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Финландын ногоон технологийн дэвшлийг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд тохиролцло. Ийнхүү Монгол Финландын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдааныг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохиролцов.