Монгол Улс, ОХУ хоорондын нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн төслийн эхний шатны хэлэлцээг зохион байгууллаа

2018-07-05 16:35   Уншсан тоо: 83

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд Нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай 1981 оны хэлэлцээрийг 2 улс одоог хүртэл мөрдөж ажиллаж байна. Энэхүү хэлэлцээр нь 2 улсын талд ажилласан жилийг шилжүүлэн тооцож тэтгэвэр тогтоох тухай юм.

2011-2018 оны эхний хагас жил хүртэл хугацаанд Монгол Улсад ажилласан ОХУ-ын 921 иргэний мэдээллийг Монголын тал ОХУ-ын талд хүргүүлсэн бол, ОХУ-ын талаас 53 Монгол иргэний мэдээллийг харилцан солилцжээ. 2018 оны 06 дугаар сарын байдлаар ОХУ-ын 305 иргэн Монгол Улсын талаас тэтгэвэр авч байна.

Монгол Улс, ОХУ-ын нийгэм эдийн засгийн өөрчлөлт, нийгмийн болон тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэл, хууль тогтоомжийн өөрчлөлтийн хүрээнд 1981 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг 2 улсын зүгээс шинэчлэн боловсруулж хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын XVI хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улс, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамдын Консулын 15 дугаар  зөвлөлдөх уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эхний шатны хэлэлцээг тус яам Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай Москва хотноо 2018 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд хийлээ.  

Энэхүү хэлэлцээг Монгол Улсын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул ахалж, гишүүнээр тус яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Ганчимэг, ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, орчуулагчаар ЭСЯ-ны ажилтан Ц.Баттөр нар тус тус ажиллав.

 Харин Оросын Холбооны Улсын талаас тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Тэтгэврийн хамгааллын газрын даргын орлогч С.В.Комарова ажлын хэсгийг ахалж, гишүүнээр Н.А.Лазарева, Е.А.Чиликина, Т.Ю.Коптяева, И.В.Успенская, О.В.Василькова зэрэг яам, агентлагийн ажилтнууд, орчуулагчаар Я.Д.Леман нар тус тус оролцлоо.

Хэлэлцээ найрсаг уур амьсгалд өрнөж, Оросын Холбооны Улстай дараах тохиролцоонд хүрлээ. Үүнд:

  • Шинээр байгуулах хэлэлцээр зөвхөн 2 улсын хувьд иргэн гэж үзсэн хүн, тэдгээрийн гэр бүлд үйлчлэх;
  • Шинэ хэлэлцээрт өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, оршуулгын, үйлдвэрлэлийн ослын даатгалыг хамруулах ба богино хугацааны эрсдлийн даатгал буюу эрүүл мэнд, жирэмсэн болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны даатгалыг хамруулахгүй;
  • Хэлэлцээрийг монгол, орос хэлээс гадна англи хэлээр үйлдэх;
  • ОХУ-ын талаас хэлэлцээрийн шинэчилсэн төслийг орос, англи хэлээр үйлдэж, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор харилцан тохиролцсон хаягаар болон дипломат шугамаар Монгол Улсын талд хүргүүлэх;
  • Хоёрдугаар шатны хэлэлцээг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийх ба хугацааг дипломат шугамаар тохирохоор болсон зэрэг болно.

            Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эхний шатны хэлэлцээг Москва хотноо 2018 оны 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд хийсэн тухай Хэлэлцээний протоколыг үйлдэж, Монгол Улсын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул, Оросын Холбооны Улсын талаас тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Тэтгэврийн хамгааллын газрын даргын орлогч С.В.Комарова нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулав.

           

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ