“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөн эхэллээ

2018-06-18 14:42   Уншсан тоо: 338

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Налайх дүүрэгт эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Зөвлөгөөний эхний арга хэмжээ Налайх дүүргийн МСҮТ дээр тус салбарын 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр болж байна. Тус нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс тэргүүтэй Герман улсын төлөөллүүд, Налайх дүүргийн засаг дарга зэрэг албан хүмүүс оролцлоо.

Өнөөдрийн хуралдаанаар мэргэжлийн боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлууд болон мэргэжлийн боловсролын хуулийн шинэчлэлд санал авах, мөн багшийн хөгжлийн асуудал, сургалт, хичээлийн программ сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж тодорхой санал, санаачилгуудыг дэвшүүлнэ.

Тэгвэл хоёр дахь өдөр буюу 6 дугаар сарын 19-нд “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд болон Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ үеэр эхний өдөр ярилцсан асуудлуудын хүрээнд Төрийн ордонд нэгдсэн хуралдаан зохион байгуулагдах болон Сүхбаатарын талбайд мэргэжлийн боловсрол эзэмшиж буй хүүхэд, залуучуудын өөрсдийнх нь хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн, яармаг суралцагчдын ур чадварын үзүүлэх тоглолт, сургуулиудын танилцуулгыг олон нийтэд хүргэх юм.

2018 онд улсын хэмжээнд 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 35.8 мянган суралцагч суралцаж байна. Сүүлийн 3 жилийн статистик мэдээллээс харахад дунджаар  жил бүр 19,5 мянга орчим  төгсөгчдийн  46-55% нь ажлын байранд шууд зуучлагдаж, дараагийн шатны сургалтад 8-10% нь их, дээд сургуульд шатлан суралцаж байна.