"Эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээг сайжруулах нь" улсын зөвлөгөөн болж байна

2018-06-07 16:25   Уншсан тоо: 386

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд өнөөдөр “Иргэнд үзүүлэх эмнэлэг хөдөлмөр магадлалын үйлчилгээг сайжруулах нь" улсын зөвлөгөөн болж байна.  

Өнөөдрийн зөвлөгөөнд аймаг, дүүргүүдийн тус асуудлыг хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд, Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг болон бусад албан төлөөллүүд оролцож байна.  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос санаачлан Эмнэлэг хөдөлмөр магадлалын үйл ажиллагааг боловсронгуй болгох, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Улсын зөвлөгөөнийг 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулж иржээ. Ингэснээр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, урьдчилан сэргийлэх, бууруулахад чухал үр нөлөөтэй үйл ажиллагаа болж байна.

Монгол улсын төрөөс нийгмийн хамгааллын асуудлыг онцгойлон анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч нийгмийн хамгаалал, халамж анхаарал шаардагдаж буй хүн амын тодорхой хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо төдийлөн буурахгүй байна. Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн тоо 114370 байгаа нь нийт хүн амын 3.6 хувийг эзэлж байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 73.8 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байна.

Ингээд дэд сайд С.Мөнгөнчимэгийн зөвлөгөөний эхэнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эмнэлэг  хөдөлмөр  магадлалын Улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн эмч, мэргэжилтнүүд Та бүхэнд  хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос санаачлан Эмнэлэг хөдөлмөр магадлалын үйл ажиллагааг боловсронгуй болгох, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Улсын зөвлөгөөнийг 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа нь хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, урьдчилан сэргийлэх, бууруулахад чухал үр нөлөөтэй үйл ажиллагаа болж байна.

Монгол улсын төрөөс нийгмийн хамгааллын асуудлыг онцгойлон анхаарч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа боловч нийгмийн хамгаалал, халамж анхаарал шаардагдаж буй хүн амын тодорхой хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо төдийлөн буурахгүй байна. Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн тоо 114370 байгаа нь нийт хүн амын 3.6 хувийг эзэлж байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 73.8% нь  хөдөлмөрийн насны иргэд байна.

Сэтгэцийн эмгэг, дотор, чих хамар хоолой, мэдрэлийн өвчин, ахуйн осол нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаан болж  байгаа бөгөөд нийт хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй өвчлөлийн 80%-ийг эзэлж байгаа нь сэргийлж болох халдварт бус өвчнөөс шалтгаалсан хүн амын дундах өвчлөлийн түвшинг бууруулах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Эмнэлэг хөдөлмөр магадлал нь иргэн, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож, Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж олгох шийдвэрийг төрийн өмнөөс гаргаж байгаа хариуцлагатай үйл ажиллагаа тул эрүүл мэнд, нийгмийн даатгал, нийгмийн халамж, эрүүл мэндийн байгууллагын  эмч мэргэжилтэн, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүн бүрээс мэдлэг, ур чадвартай, хариуцлагатай, шударга, зарчимч байхыг шаардаж байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлал нь салбар дундын үйл ажиллагаа бөгөөд хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадвар алдалтыг зөвхөн тогтоогоод орхих биш, иргэдийн эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах, эмчлэн эрүүлжүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар нийгмийн бүхий л түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлж, дахин мэргэшүүлэн, боловсрол эзэмшүүлж, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурах, боловсрох, хөдөлмөрлөх эрхийг нээлттэй болгож, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль зэрэг нийгмийн даатгал, эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой хууль эрхзүйн баримт бичгүүдийг  шинэчлэн, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох, тэтгэвэр тэтгэмж олгох асуудлыг иргэдэд ээлтэй шуурхай, чирэгдэлгүй улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн батлуулж, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шинжээч эмч нар, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж ажиллуулснаар эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гарч, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, магадлагч эмч нарын мэдлэг ур чадварыг сайжруулахад үр дүнгээ өгч байна.

Эрдэм шинжилгээний бага хурлыг тогтмолжуулан, эмнэлэг хөдөлмөр магадлалын чиглэлээр докторантур, магистрантурт суралцаж судалгаа хийж байгаа Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  магадлагч эмч нарт талархал илэрхийлж та бүхэн олон улсын чиг хандлага, арга аргачлалтай уялдсан хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход чухал нөлөө үзүүлэхүйц судалгаа шинжилгээ хийнэ гэж бид хүлээж байна.  

Цаашид эмнэлэг хөдөлмөрийн магадлалын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, магадлагч эмч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалтад тасралтгүй хамруулах, гадаад дотоодын ижил төст үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас суралцах, туршлага судлах үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах шаардлагатай байна.
Хөдөлмөрийн чадварыг тогтоох үйл ажиллагааг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээрх бүхий  л санал, санаачлага, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжин туслах болно.

Эмнэлэг хөдөлмөр магадлалын өнөөгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийж, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлохоор хүрэлцэн ирсэн эрхэм эмч мэргэжилтнүүд, хамтран ажиллагч Та бүхэнд амжилт хүсэхийн ялдамд зөвлөгөөндөө идэвхтэй оролцож, шинэ бүтээлч санал, санаачилга гаргана гэдэгт найдаж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр эмнэлэг хөдөлмөр магадлалын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, хөдөлмөрийн чадвар алдалтын талаар баримталж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаатай танилцаж, анагаахын шинжлэх ухааны эрдэмтэн, профессоруудын өгсөн үнэтэй зөвлөгөө, зөвлөмжөөр мэдлэг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөнө гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд сайн сайхныг хүсье!