Дэд сайд С.Мөнгөнчимэг Олон улсын хөдөлмөрийн чуулганд оролцож байна

2018-05-30 19:30   Уншсан тоо: 208

Швейцарийн Женев хотноо энэ сарын 28-нд эхэлсэн Олон улсын хөдөлмөрийн 107 дугаар чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талын төлөөлөгчид оролцож байна.

Зургадугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх энэ удаагийн чуулганыг “Зохистой хөдөлмөрөөр ирээдүйг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулж буй бөгөөд дэлхийн 187 орны Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний байгууллагыг төлөөлсөн 4000 гаруй  хүн оролцож зохистой хөдөлмөр тэр дундаа хөдөлмөр эрхлэлтэд хүйсийн тэгш байдлыг хангах талаар тодорхой асуудлуудаар санал бодлоо солилцож, байр сууриа илэрхийлэн, улс орнуудын туршлагаас хуваалцах юм.

Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ахалж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг Олон улсын хөдөлмөрийн чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцохоос гадна салбар хуралдаануудад Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үг хэлнэ. Тэрбээр Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудын хэрэгжилтийн талаарх тайланг цаг тухайд нь хүргүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа болон Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор уг хөтөлбөртэй уялдуулан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөгжлийн бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулахаас гадна манйа улс урт хугацааны хөгжлийн бодлогын нийгмийн тогтвортой хөгжлийн зорилгод зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг 2016 онд батлан хэрэгжүүлж байгаа туршлагаа хуваалцана. Түүнчлэн жендэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар онцлон ярих бөгөөд зохистой хөдөлмөр эрхлэлтэд дэлхий нийтийн чиг хандлагыг Монгол Улс анхааран Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай үр дүнд суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлыг илэрхийлэх юм.