Хэнтий аймагт нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа

2018-05-16 12:44   Уншсан тоо: 133

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр баталсан.

Уг төлөвлөгөөний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны  05 дугаар сарын 03-ны өдрийн А/109 дүгээр тушаалын дагуу Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор бичил уурхай бүхий сумын нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын чадавхийг бэхжүүлэх сургалтыг Хэнтий аймгийн Чингис хотод 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бичил уурхай бүхий сумын нийгмийн даатгалын байцаагч, ажилтан, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Бичил уурхайн Дээвэр холбооны Хэнтий аймаг дахь салбар, Хэнтий аймаг дахь “Бичил уурхай эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагын нийт 57 хүн оролцов.

Энэхүү сургалтаар Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, цаашдын зорилт, Нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүд, Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч байгаа зөрчлүүд, цаашид анхаарах асуудлууд, Бичил уурхай эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулж байгаа сайн туршлага, Бичил уурхайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон сумын нийгмийн даатгалын байцаагч (ажилтан)-тай уялдан ажиллах талаар, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлын тухай хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулж, дээрх сэдвүүдээр илтгэл тавьж, нийгмийн даатгалын байцаагчдын санал бодлыг сонслоо.

Нийгмийн даатгалын байцаагч, ажилтан нарын чадавхийг бэхжүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж, үр дүнтэй болж өнгөрлөө.

 

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ