"ЦАЛИНГ СУДЛАХААР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗАВСАРЛУУЛЛАА"

2018-05-04 14:51   Уншсан тоо: 123

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн түншлэгч талууд 2017 оны аравдугаар сарын 28-нд нэмэлт хэлэлцээр байгуулсан. Нэмэлт хэлэлцээрээр талууд 2018 оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх асуудлаар дахин хэлэлцээрийн ширээний ард суухаар тохирсны дагуу нийгмийн зөвшлийн талууд энэ сарын 1-нд хэлэлцээг эхлүүлсэн юм. Уг нэмэлт хэлэлцээний талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-Гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээ эхэлсэн. Энэ удаа ямар асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөсөн бэ?

-Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг тохирсон ёсоор эхлүүллээ. Өмнөх хэлэлцээрээр Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн.  Нэгдүгээрт, ОУВС-тай хийх хэлэлцээрийг үргэлжлүүлж зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг авсан. Энэ үүргийн дагуу бид 2018 оны хоёрдугаар сарын сүүлээр манай улсад ирж ажилласан ОУВС-гийн ажлын хэсэгтэй тодорхой хэлэлцээрүүдийг хийсэн. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх үндсэн тохиролцоонд хүрч чадсан юм. Хоёр дахь хүлээсэн үүрэг нь энэ ондоо багтаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар гурван талын хэлэлцээрийг эхлүүлэх байсан. Энэ удаад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас бидэнд хэд хэдэн асуудал тавьсан. Ялангуяа хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг өсгөх, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагуудыг онцгойлон тавиад байгаа. Мөн 2017 онд төсвийн шууд захирагчдын эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарласан буюу төрийн албан хаагчдын зэрэг дэв, цалингийн шатлалыг нэмэгдүүлэхгүй байх, 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй “царцаах”, төрийн албан хаагч тэтгэвэрт гарсан бол оронд нь шинээр хүн авахгүй байх зэрэг асуудлуудыг тусгасан УИХ-ын 29 дүгээр тогтоол гаргасныг өөрчлөх саналыг тавьсныг энэ удаагийн хэлэлцээрийн хэлэлцэх асуудын дараалалд оруулан баталсан.

-Засгийн газар энэ удаагийн нэмэлт хэлэлцээрт ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар нэмэлт хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж орох төлөөллийн бүрэлдэхүүнийг оруулж батлуулсан. Мөн нэмэлт хэлэлцээрт Засгийн газар ямар байр суурьтай оролцох талаарх удирдамжаа батлуулсан. Энэ удирдамжийн дагуу нэмэлт хэлэлцээрээ эхлүүллээ. Засгийн газар талуудын саналд хүндэтгэлтэйгээр хандаж, асуудлыг яриа хэлэлцээрийн зарчмаар аль болох шийдвэрлэх байр суурьтай байна.

-Хэлэлцээр хэзээ дуусч, шийдвэрээ танилцуулах вэ?

-Хэлэлцээр одоогоор бүрэн дуусаагүй. Түр хугацаанд завсарлаад байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг хоёр гурван асуудлаар талууд ажлын хэсэг гаргаж холбогдох тооцоо судалгааг боловсронгуй болгохоор тохирлоо. Мөн УИХ-ын 29 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байгааг ажлын хэсэг дахин тодруулж танилцуулах нь зүйтэй гэсэн үндсэн дээр хэлэлцээрээ түр завсарлуулаад байна. 

-Төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар ОУВС-тай тохирсон зүйл байгаа юу?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохирсон ёсоор бол 2018 оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр болсон. Энэ байдлаа үҮйлдвэрчний эвлэл болон ажил олгогчийн төлөөллүүдэд танилцуулсан.

-2017 оны аравдугаар сард хийсэн нэмэлт хэлэлцээрийн үр дүнгийн талаар талууд ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар байгуулагдаад анхны хуралдаанаараа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын зүгээс удаан хугацаанд тавьсан шаардлагыг хүлээж авч талуудад хүндэтгэлтэй хандаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг нэн яаралтай эхлүүлэхээр болсон. Энэ хэлэлцээрээр Засгийн газар хэд хэдэн үүрэг хүлээсэн. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул төрийн албан хаагчдад урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмэгдүүлснийг эргэж харах. Ингэж нэмэгдүүлсэн нь хөрсөндөө буухгүй байгаа тул ажлын хэсэг гаргаж энэ асуудал дээр нөлөөллийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг авахаар болсон. Гуравдугаарт, татварыг шатлалтай болгосон нь иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа тул мөн ажлын хэсэг гаргаж асуудлыг дахин судалж үзэхээр нэмэлт хэлэлцээрээр тохирсон. Энэ үүргээ Засгийн газар хэрхэн биелүүлж ямар үр дүнд хүрснийг энэ удаагийн нэмэлт хэлэлцээрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулж ярилцсан. Тухайлбал, Засгийн газар тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмснийг гурван сар болгон бууруулсны зэрэгцээ өөрөө хүсвэл эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 настайдаа тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн. Мөн татварын олон шатлалыг өөрчилж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын хураамжийг 50 хувиар бууруулах, төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал олгосон зэргээр  хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлжээ гэдэг дээр талууд нэгдэж байна.

Энд нэг зүйлийг зориуд онцолмоор байна. 2018 оны төсөв дээр шинэ Засгийн газар эдийн засгийн өсөлт бага ч гэсэн гарсан бол энэ өсөлтийг ард иргэд хамгийн түрүүнд хүртэх ёстой гэсэн байр сууринаас хандсан. Үүний дагуу тэтгэвэр нэмэх, оюутны хөгжлийн зээлийг хүүгүй болгох, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхэд тэтгэмж олгох зэрэг 12 төрлийн арга хэмжээг энэ онд авч хэрэгжүүлсэн бөгөөд улсын төсвөөс 465 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь бүгд иргэдийн гарт очиж буй бодит дэмжлэг юм. Энэ бол халамж биш, эдийн засгийн өсөлтийг бодитойгоор ард иргэддээ хүргэх, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж ойлгох ёстой.