Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна

2018-04-09 14:09   Уншсан тоо: 122

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орсон өөрчлөлтөөр малчдын өндөр насны тэтгэвэр тогтоох насыг 5 жилээр наашлуулан баталж, 2018 оноос хэрэгжүүлж байна.

            Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой малчнаар ажилласныг тодорхойлоход “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн ... оны тооллого”-ын бүртгэл, лавлагааг, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар авах шаардлагатай болсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад энэ лавлагаа бүртгэлийг оруулах хэрэгтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд тэтгэвэр, тэтгэмж тогтооход бүрдүүлэх баримт бичгийг хуулиар тогтоож өгсөн тул дээрх малчдын ажилласан жилийг тогтооход үндэслэх баримт бичиг энэхүү хуулийн заалтад тусаагүйгээс нийгмийн даатгалын байцаагч хуульд заагаагүй баримт бичгийг малчдаас шаардах, улмаар хууль зөрчих нөхцөл үүсээд байна.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулж нийгмийн даатгалын байцаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, малчдын тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй, тодорхой болгох шаардлага байна.

            Түүнчлэн хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэврийн харилцааг зохицуулахаар 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд "... хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагчдын тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг зохицуулсан хууль батлагдаж хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэж байхаар ..." гэж нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг заалтыг үндэслэн хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоож ирсэн.

            Мөн дээрх хуульд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан хуулийн 2 дугаар зүйлийг өөрчлөн найруулснаар хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулах эрх зүйн үндэслэлгүй болсон.

            Үүнтэй холбоотой Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох заалтыг нэмж оруулах шаардлагатай байна.

Өнөөгийн байдлаар нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 27.9 мянга гаруй иргэн тэтгэвэр авч байна. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр жилд дунджаар 2800 даатгуулагч шинээр тэтгэвэр тогтоолгодог бөгөөд үүний 80 орчим хувь нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлийн тэтгэвэр авагчид  байна.

Нийгмийн даатгалын сангийн 2018 төсвийн тухай хуульд тэтгэврийн даатгалын сангийн зарлагын төсөвт 1.619,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан тул  хууль батлагдаж, хэрэгжсэнээр улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт эх үүсвэр шаардагдахгүй.

Хуулийн төсөлд өгөх саналаа khishigbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Хуулийн төсөл болон танилцуулга, үзэл баримтлалыг хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
2 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал
3 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл