Дэд сайд С.Мөнгөнчимэг Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

2018-04-17 16:42   Уншсан тоо: 63

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Дэлхийн банкны Ази, номхон далайн бүс нутгийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан менежер Сузан Шентэй уулзаж хамтын ажиллагааны санал солилцов. Дэд сайд С.Мөнгөнчимэг уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байгаа нь нааштай боловч ард иргэдийн амьдралд эдийн засгийн сэргэлт тодорхой нөлөө үзүүлэхгүй байгааг онцлон Монгол улсын Засгийн газраас нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон тулгарч буй асуудлаар мэдээлэл өгөв.

Дэлхийн банкны Ази, номхон далайн бүс нутгийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан менежер Сузан Шен дэлхийн банкны нийгмийн хөгжлийн газрын чиг үүрэг болон бусад улс орнуудад хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцав. Засгийн газраас залуучуудыг дэмжих тухай хууль баталсан. Залуучуудыг дэмжих тухай үндэсний хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгааг дэд сайд дурьдан хуулийг хэрэгжүүлэх талаар туршлага судлах, дүрэм журам, зөвлөмж боловсруулах зэрэг асуудал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэлэв. Мөн хөдөөгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл болон залуучууд хөгжлийн төвийн ажилтнуудыг чадваржуулах зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.