Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн хорооны ээлжит 51 дүгээр чуулганд оролцлоо

2018-04-13 12:52   Уншсан тоо: 211

       Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотноо 2018 оны 4 дүгээр сарын 9-13ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн ам ба хөгжлийн хорооны ээлжит 51 дүгээр чуулганд оролцлоо.

      Энэ удаагийн чуулганд дэлхийн 120 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, "Тогтвортой хот, олон улсын шилжилт хөдөлгөөн" сэдвийн хүрээнд чууллаа. Чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцох үеэрээ төлөөлөгчдийн тэргүүн шилжилт хөдөлгөөний чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, үг хэллээ. Олон улсын шилжилт хөдөлгөөн аюулгүй, зохион байгуулалттай, хууль ёсны байх ёстой гэдэгтэй чуулганы төлөөлөгчид санал нэгтэй байлаа. Чуулганы хаалтын хуралдаанаар 2020 онд зохиогдох Хүн ам ба хөгжлийн хорооны 53 дугаар чуулганыг "Хүн ам, хүнсний аюулгүй, тэжээллэг байдал болон тогтвортой хөгжил" гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулахаар тохиролцон, баталлаа.