С.Чинзориг сайд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны үйл ажиллагаатай танилцлаа

2018-04-11 18:21   Уншсан тоо: 152

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тэрбээр хараагүй иргэдийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг болон Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн үйл ажиллагаатай танилцаж санал бодлоо солилцсон юм.

Монгол Улсын хэмжээнд харааны улмаас хөдөлмөрийн чадвараа 50 буюу түүнээс дээш хувиар алдсан МХҮХ-ны гишүүн хараагүй иргэдэд мэргэжлийн боловсрол олгох, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хангахад чиглэгддэг бөгөөд үндсэн 5 мэргэжлээр мэргэжил олгож байна. МСҮТ нь 2015 онд МХҮХ-ны дэргэдэх хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төвийн суурь баазыг өргөжүүлэн байгуулсан бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд  65 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг элсүүлэн, энэ жилд нийтдээ 113 суралцагч суралцаж байна.

      МСҮТ нь эмчилгээний бариа засалч, эсгий, бэлэг дурсгалын зүйл урлаач, ардын гоцлол хөгжимчин чиглэлээр 2 жил, алжаал тайлах бариа засалчаар 6 сар, Мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах чиглэлээр 6 сарын хугацаанд чадвартай мэргэжилтэн бэлтгэхээс гадна орон зайн чиг баримжаа олгох болон брайль бичгийн сургалтуудыг тодорхой хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг юм. Одоогоор 23 багш, ажилтантай, 70 хүүхдийн суудлын багтаамжтай хичээлийн байртай, 14 хүүхдийн ортой дотуур байртай, 3 дадлагын газартай.

Өнөөдрийн уулзалтын үеэр МХҮХ-ны төлөөллүүд С.Чинзориг сайдад гурван чиглэлээр шинэ анги нээж хичээллүүлэх шаардлагатай байгаагаа хэлсэн юм. Мөн шинээр үйлдвэрүүд барих төлөвлөгөөтэй байгаа болон ирэх 9 дүгээр сард Ази, Номхон далайн хараагүйчүүдийн холбооны олон улсын хурлыг зохион байгуулах тул Засгийн газрын зүгээс тодорхой чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хариуд нь С.Чинзориг сайд шинэ анги нээх асуудлыг холбогдох дүрэм журмын дагуу судалж үзье. Үйлдвэр шинээр барих асуудлаа албан ёсны тооцоо судалгаатайгаар яаманд хүргүүлээрэй. Үүний дараагаар холбогдох чиглэлүүдээр нь судалж өгье. Харин олон улсын хурал зохион байгуулах ажилд Засгийн газрын зүгээс тодорхой дэмжлэгийг үзүүлэх боломжтой. Салбар хариуцсан яамны зүгээс энэ асуудлыг Засгийн газарт танилцуулна гэв.