ХНХ-ын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн үргэлжилж байна

2018-03-13 12:26   Уншсан тоо: 831

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн яг одоо үргэлжилж байна. Зөвлөлгөөний нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг болон Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Баатарзориг тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаа нь эхийн хэвлийд байгаа ургаас азай буурай хүртэлх Монгол Улсын нийт хүн амд хүрч, үр өгөөжөө өгдөг, алдаа гаргах эрхгүй эрхэм хүндтэй ажил гэдгийг онцлоод  “Монгол Улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 6-нд 27 зорилт бүхий баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг баталсан. Уг баримт бичгийн нэг үндсэн тулгуур стратеги нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах “Хүн төвтэй нийгмийн бодлого” юм. Энэхүү тулгуур бодлогын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсад нийгмийн баримжаатайгаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл төвтэй хөгжлийн бодлогыг хөгжүүлэхэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байгаа та бидний үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа маш чухал байна” хэмээсэн юм.

Тэрбээр мөн ХНХЯ-ны хувьд 2018 онд ажилгүйдэл, ядуурал, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр цогц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажлаа эхлүүлээд байгаагаа дурдаад тухайлбал, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд ядууралд өртсөн өрх, иргэн бүрт хүрч ажиллах зорилт тавьсан ба тэдний талаарх мэдээллийг сум, баг, хороогоор гаргаж, ядуурлын хэмжээгээр нь тодорхой бүлэгт хуваан бүлэг тус бүрийн эрэлт хэрэгцээ, боломж, нөхцөл байдалд нийцсэн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг үзүүлэхийг зорьж,  ажилгүйдэл, ядуурлыг дунд хугацаанд бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий салбар дундын уялдааг хангасан тодорхой төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй гэдгээ ч хэлсэн.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэс, суурь болсон мэргэжлийн ажилтан, ажиллах хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн сургаж, хөгжүүлэх, түүнчлэн бат бөх монгол гэр бүл, ахмад үеэ дээдэлсэн, зөв хүмүүжил, төлөвшилтэй эрүүл хүүхэд, өсвөр үе, хөдөлмөрч залуучууд, нийгмийн харилцаанд аливаа ялгаварлалгүй оролцох боломжоор хангагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах нь хүн амын бодлогын гол зорилт бөгөөд хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, нийгмийн бүх орчин дахь хүүхдийг үл хайхрах байдал, дарамт хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрийг үгүй болгохын төлөө салбарын бодлого, үйл ажиллагааг тууштай чиглүүлэхийн тулд ямар бодлоготой ажиллаж, ямар бодит үр дүн хүлээж буй талаар зөвлөлгөөний үеэр удирдах ажилтнуудтайгаа тодорхой ярилцана гэдгээ С.Чинзориг сайд онцолж байлаа.  Удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төр засгаас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэхээр зорьж буй үйл ажиллагааны талаарх нэгдсэн байрь суурь, мэдээллийг өгөх албаныхан оролцож байна. авахаас гадна салбарын шинэчлэлийн зорилтуудыг чиглэл тус бүрээр тодорхойлж, түүнд хүрэх арга замыг хэлэлцэн тогтож, удирдах албан тушаалтан бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл, Авлигын эсрэг хууль тогтоомж, хөтөлбөр, жендерийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагааны талаарх тодорхой мэдээллийг хүргэх юм. Харин хоёр дахь өдрийн үйл ажиллагааг үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд салбар хуралдаан хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт нийт 7187 төрийн албан хаагч ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа бөгөөд тэдний 1479 нь нийгмийн даатгалын салбарт, 4834 нь хөдөлмөр халамж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарт, 757 нь гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр ажиллаж байна.