Бүх арилжааны банк тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг дэмжлээ

2018-02-28 18:05   Уншсан тоо: 764

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд С.Чинзориг сайд нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувьд тэтгэвэр олгодог ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг  жилийн 12 хувь болгон бууруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 10336 тэтгэвэр авагч 12,3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан байна.

Үүнээс өмнө буюу 2017 оны нэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15 хувь болгон бууруулж тэтгэвэр авагчдад зургаа хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг бүрдүүлснээр   99163 тэтгэвэр авагч 79,3 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 15.0 хувийн хүүтэйгээр авч, 1,3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн билээ.

Өнөөдөр болсон уулзалтаар тэтгэврийн зээлийн хүүг 12 хувьд хүргэж бууруулахаар ХААН болон Төрийн банктай байгуулсан Хамтран ажиллах санамж бичгийг арилжааны бусад банкууд дэмжиж буйгаа илэрхийлснээр нийт тэтгэвэр авагчдын 8,0 хувь нь үйлчлүүлдэг Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийт тэтгэвэр авагчдад  сарын 1.0 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлийг тэтгэврээ барьцаалан авах боломж бүрдэж байна.

Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100 хувь зээл болон зээлийн хүүд төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлж, 30 хувийг өөрт нь олгосноор сар бүр орлоготой байх боломжийг бүрдүүлж байгаа юм.